Г.Буянхишиг: Цагдаагийн байгууллагаас захиалга ирээгүй тул эмэгтэй элсэгч бүртгэхгүй Г.Буянхишиг: Цагдаагийн байгууллагаас захиалга ирээгүй тул эмэгтэй элсэгч бүртгэхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
11 сарын 09, Бямба
Өнөөдөр

Arslan.mn

Г.Буянхишиг: Цагдаагийн байгууллагаас захиалга ирээгүй тул эмэгтэй элсэгч бүртгэхгүй

2021 оны 4 сарын 08

Дотоод хэргийн их сургуулийн 2021-2022 оны хичээлийн жилийн бакалаврын хөтөлбөрийн  элсэлтийн журам батлагдаж, бүртгэл эхлээд байна. Цагдаагийн сургуулиас ямар хөтөлбөрт элсэлт авах талаар  Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, цагдаагийн хурандаа Г.Буянхишигээс тодрууллаа.
-Цагдаагийн сургууль ямар ямар сургалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлдэг вэ?
-Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургууль нь цагдаа, дотоодын цэргийн байгууллагын боловсон хүчнийг бакалавр, магистр, докторын түвшинд бэлтгэх сургалтыг зохион байгуулж байна. Тодруулбал, Гэмт явдал судлал-эрх зүй магистр, докторын, Цагдаа судлал магистрын, Цагдаагийн ажил-эрх зүй,  Мөрдөх алба-эрх зүй, Аюулгүй байдал-дотоодын цэрэг бакалаврын сургалтын хөтөлбөрөөр сургалтыг зохион байгуулдаг.  Цагдаагийн ажил-эрх зүй бакалаврын хөтөлбөрийн хүрээнд Шинжээч мөрдөгч, Замын хөдөлгөөний аюулгүй байдал, Цагдаа-гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил, Эдийн засгийн мөрдөгч чиглэлээр мэргэшүүлэх сургалтыг явуулдаг нь манай сургуулийн нэг онцлог гэж хэлж болно.

-2021-2022 оны хичээлийн жилд Цагдаагийн сургууль хичнээн иргэнийг элсүүлэн сургах вэ?

-Манай сургуулийн онцлог нь Цагдаагийн ерөнхий газрын захиалгаар бакалаврын сонсогч, суралцагчдыг өдөр болон эчнээ хэлбэрээр  элсүүлэн суралцуулах хяналтын тоог тогтоодог.

2021-2022 оны хичээлийн жилд Цагдаагийн байгууллагаас Цагдаагийн ажил-эрх зүй 4 жилийн сургалттай өдрийн хөтөлбөрт хөтөлбөрт 165 эрэгтэй, 2 жилийн сургалттай хөтөлбөрт дээд боловсролтой 175 эрэгтэй, Мөрдөх алба-эрх зүй 4 жилийн сургалттай хөтөлбөрт 55 эрэгтэй, Аюулгүй байдал-дотоодын цэрэг 4 жилийн сургалттай хөтөлбөрт 25 эрэгтэй иргэнийг элсүүлэн суралцуулах захиалга ирүүлсэн. Энэ хяналтын тоог баримтлан Дотоод хэргийн их сургуулийн захирлын 2021 оны А/28 дугаар тушаалаар элсүүлэн суралцуулах хяналтын тооны хязгаарыг баталсан байгаа. Цагдаагийн байгууллагаас эмэгтэй элсэгчийн захиалга ирүүлээгүй тул эмэгтэй иргэнийг элсүүлэн суралцуулах боломжгүй болсон.
“Цагдаагийн ажил-эрх зүй”  хоёр жилийн  хөтөлбөрийн талаар товч мэдээлэл өгнө үү?
Хууль зүйн салбарын шинэчлэлийн бодлого, цагдаагийн байгууллагын хэрэгцээ шаардлагыг үндэслээд манай сургууль 2016 оноос дээд боловсролтой иргэнийг хоёр жилийн хугацаатай суралцуулаад төгсгөх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн. 2021-2022 оны хичээлийн жилд 6 дахь элсэлтээ авна. Энэ хөтөлбөрт өмнө нь дээд боловсрол эзэмшсэн 25 хүртэл насны иргэнийг сонгон шалгаруулж, элсүүлэн сургаж цагдаагийн байгууллагад цагдаагийн офицерийн албан тушаалд ажилладаг.
Цагдаагийн сургуулиас цагдаа, дотоодын цэргийн төрөл мэргэжлийн албадын хүний нөөцийг бэлтгэж өгөх зорилгоор аливаа сургалтын хөтөлбөр, түүний өөрчлөлт, хөгжүүлэлтийг хийхдээ захиалагч байгууллагын хэрэгцээ шаардлага, хүлээлтэд үндэслэж, санал хүсэлтийг нь хүлээн авдаг. Энэ агуулгаараа цагдаагийн байгууллагад шинээр байгуулагдаад удаагүй байгаа Экологийн цагдаагийн албаны чиглэлээр ажиллах боловсон хүчнийг бэлтгэх мэргэшүүлэх сургалтын хөтөлбөрийг боловсруулах судалгааны ажлыг эхлүүлээд байна.

-2021-2022 оны хичээлийн жилд элсэн суралцагчдад ямар шалгуур тавигдаж байгаа вэ?
-Бакалаврын хөтөлбөрт элсэгчдэд тавигдах шаардлага нь хөтөлбөрийн онцлогоосоо хамаараад өөр өөр байдаг.
Цагдаагийн ажил-эрх зүй, Мөрдөх алба-эрх зүй, Аюулгүй байдал-дотоодын цэрэг 4 жилийн сургалттай өдрийн хөтөлбөрт элсэгч нь 2019-2021 онд элсэлтийн ерөнхий шалгалт өгсөн, элсэлтийн суурь шалгалт болох нийгмийн тухай мэдлэг хичээлээр 560 ба түүнээс дээш, хавсарга шалгалт болох Элсэлтийн ерөнхий шалгалтын  аль нэг хичээлээр 480 ба түүнээс дээш оноо авсан 17-25 насны эрэгтэй  байна.
Цагдаагийн ажил-эрх зүй  хоёр жилийн сургалттай хөтөлбөрт элсэгч дээд боловсролын  бакалаврын дипломын сурлагын голч дүн төрийн өмчийн сургууль 2.5, төрийн бус өмчийн сургууль 3.0 ба түүнээс дээш оноотой, 25 хүртэл насны эрэгтэй  байх бөгөөд эзэмшсэн мэргэжлийн тухайд ямар хөтөлбөрт суралцахаасаа хамаараад өөр өөр байна. Тухайлбал Шинжээч мөрдөгчийн чиглэлээр байгалийн шинжлэх ухаан, биологи, физик, хими, экологийн чиглэлийн дээд боловсролтой иргэнийг, Замын хөдөлгөөний аюулгүй байдлын чиглэлээр механик инженер, авто инженер, замын инженер зэрэг инженерийн дээд боловсролтой иргэнийг, Эдийн засгийн мөрдөгчийн чиглэлээр эдийн засагч, нягтлан бодох бүртгэл, банк санхүүгийн дээд боловсролтой иргэнийг, Цагдаа-гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил чиглэлээр социологич, статистикч, математикч, сэтгэл зүйч зэрэг мэргэжлээр дээд боловсрол эзэмшсэн иргэнийг элсүүлэн сургана.  
Элсэхийг хүсэгч нь Дотоод хэргийн их сургуулийн захирлын тушаалаар баталсан элсэлтийн шалгалтын журамд зааснаар элсэлтийн цахим бүртгэлд бүртгүүлэх шаардлагатай юм. Үүний дараа бүрэн дунд боловсролтой иргэдийн хувьд Элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, дээд боловсролтой иргэдийн хувьд голч онооны буурах эрэмбээр эрэмбэлнэ. Тэнцсэн иргэд эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн шалгалт өгөхөөс гадна цэргийн хэргийн бэлтгэлийн сургалтад хамрагдах учиртай.
-Эмэгтэй элсэгч бүртгэхгүй гэсэн мэдээлэлбүртгүүлэхээр бэлтгэсэн эмэгтэй элсэгчдийг их гонсойлгож байна. Төлбөрийн хувьд ямар байдаг вэ?

-Ярилцлагын эхэнд би хэлсэн. Манай сургуулийн хувьд захиалагч байгууллагаас ирүүлсэн захиалгын дагуу элсэлт авдаг. 2021-2022 оны хичээлийн жилд Цагдаагийн байгууллагаас ирүүлсэн хяналтын тооны захиалгад эмэгтэй иргэнийг авах талаар ирүүлээгүй тул бид дур мэдэн эмэгтэй иргэнийг элсүүлэх боломжгүй юм.

Боловсролын тухай хуульд цэрэг, цагдаагийн дээд боловсрол олгох сургалтын зардлыг төр хариуцахаар заасан тул манай бакалаврын түвшний сургалтууд үнэ төлбөргүй байдаг. Харин элсэгч нь элсэлтийн журмын 11.1т заасан эрүүл мэндийн үзлэгийн төлбөр, гэнэтийн ослын даатгалын төлбөр, цэргийн хэргийн бэлтгэл сургалттай холбоотой зардал, гадаад хэлний хөтөлбөрийн сургалтын төлбөр, сургалтын программын ашиглалтын төлбөрийг хариуцна. Үүнээс бусдаар ямар нэгэн сургалтын үйл ажиллагаатай холбоотой төлбөр авдаггүй.

Ярилцлага өгсөн танд баярлалаа 

Эх сурвалж: Үндэсний шуудан сонин 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625279
0 эможи

keyboard_arrow_up