Эрх бүхий албан тушаалтны 299 шийдвэрийг ХҮЧИНГҮЙ болгожээ
УЕПГ-аас энэ оны 1 дүгээр улиралд хяналт тавьж шийдвэрлэсэн хэргийн талаар өнөөдөр мэдээлэл өглөө.
Прокуророос нийт 370733 зөрчлийн хэрэгт хяналт тавьсан нь өнгөрсөн оны мөн үеэс 51464 хэргээр буюу 12.2 хувиар буурсан байна. Үүнээс Цагдаагийн байгууллага 358637 буюу 96.7 хувийг, Мэргэжлийн хяналт 926 буюу 0.2 хувийг, Гааль 204 буюу 0.05 хувийг, Татвар 415 буюу 0.1 хувийг, Гадаадын иргэн харьяатын газар 38 буюу 0.01 хувийг, бусад байгууллагууд 10513 буюу 2.8 хувийг нь тус тус хүлээн авч шалгажээ.
Нийт зөрчлийн хэргийн 255269 буюу 68.8 хувь нь Нийслэлд, 115.464 буюу 31.2 хувь нь орон нутагт үйлдэгджээ.
Эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын дүгнэлт өсжээ.
Прокурор эрх бүхий албан тушаалтны зөрчлийн хэрэгт шийтгэл оногдуулсан шийдвэрийг хянаад хүчингүй болгуулахаар 297 дүгнэлт бичиж шүүхэд хүргүүлсэн нь өмнөх оны мөн үеэс 13.3 хувиар өссөн байна.
Гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгосон тохиолдол өссөн байна.
Прокурор гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзсан эрх бүхий албан тушаалтны 299 үндэслэлгүй шийдвэрийг хүчингүй болгосон нь өмнөх оны мөн үеэс 3.8 дахин өссөн байна.