Самарт явсан 28 хүнээс зургаа нь угаартаж нас баржээ
Байгалийн дагалдах баялаг болох хушны самар өнгөрсөн намар, өвөл их ургаснаас түүж мөнгө олох гэсэн хүмүүс Хан Хэнтийн уулсын хөвчөөр олноороо отоглосныг байгаль хамгаалагчид тараасан билээ. Гэвч иргэд нийлж самарт яваад амиа алдсан тохиолдол ойрхон гарах болов.
Хамгийн сүүлд буюу энэ сарын 11-12-нд шилжих шөнө Сэлэнгэ аймгийн Мандал сумын Түнхэл багт оршин суудаг зургаан хүн “ЗиЛ-131” загварын ачааны автомашины тэвшин дээр унтаж байгаад угаартаж нас баржээ. Улсын хэмжээнд бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжин хөл хорьчихоод байхад Улаанбаатараас хүмүүс тус сум руу очин нийлж, 28-уулаа болж ачааны хоёр машинтайгаар уул руу гарах замдаа хээр хоносон гэнэ. Хамт явсан хүмүүс нь машинаас бууж, майхан, урцанд хоног төөрүүлсэн бол жолооч нь кабиндаа, тэвшинд босгосон бүхээгт 22-46 насныхан болох Т, Г, Ү, О, Х, М нар унтсан аж.
Шөнө дунд жолооч нь машинаа халаахад угаарт нь тэвшний бүхээгт хоносон дээрх зургаан хүн хордож амиа алдсан байна.
Үүнээс өмнө Налайх дүүргийн харьяат, 40 гаруй настай эмэгтэй Төв аймгийн Мөнгөнморьт сумын нутагт урцандаа галд өртөн нас барсан хэрэг гарсныг тус аймгийн Цагдаагийн газрынхан шалгаж байгаа билээ.
Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр сонин