Хорих ангиудад Covid-19-тэй 81 хүн хэвтэн эмчлүүлж байна
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар (ШШГЕГ)-ын харъяа хорих ангиудад нийт 193 халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар бид өмнө нь мэдээлсэн. Одоогоор хорих 409, 421, 461 дүгээр ангиудын эмнэлэгт Covid-19-өөр өвчилсөн 81 хүн хэвтэн эмчлүүлж байна. Хорих ангиудад бүртгэгдсэн тохиолдлуудын ихэнх нь эдгэрч, зарим хүнд хэлбэрийн өвчлөлтэйг нь дараагийн шатлалын эмнэлэгт шилжүүлсэн байна.
Улсын онцгой комисс, Шуурхай штабын хурлаар зорилтот бүлгийг дархлаажуулах, түүний дотор хоригдол, хоригдогсод, асрамжийн газар, орон гэргүй иргэдийг дархлаажуулалтад хамруулахаар шийдвэрлэсэн. Үүний дагуу нэн тэргүүнд ШШГЕГ-ын харъяа 409, 429, 461 болон Улаанбаатар хотын бүсийн хорих ангиудад Covid-19-ийн эсрэг дархлаажуулалтыг энэ сарын 6-наас эхлүүлсэн.
Эрүүл мэндийн яамнаас хорих газруудад хүн хоорондын зай барих, агаарт гаргах, дасгал хөдөлгөөн хийх цагийг уртасгах, шим тэжээлтэй хоол хүнсээр хангах зэрэг халдвараас урьдчилан сэргийлэх дараах зөвлөмжийг өгч буй юм.
Хорих байгууллагад:
- Хариу арга хэмжээний 3-4 хүний бүрэлдэхүүнтэй баг байгуулан сургах
- Сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөтэй байх
- Covid-19-ийн тухай мэдээлэл тогтмол өгөх
- Өглөө бүр биеийн халуун үзэж тэмдэглэх
- Амны хаалт зүүх, гараа савандаж угаах нөхцөлөөр хангах
- Хүн хоорондын зай барих, бөөгнөрөл үүсгэхгүй байх
- Агаар сэлгэлт хийх
- Агаарт гаргах, дасгал хөдөлгөөн хийх цагийг аль болох уртасгах
- Хувцас, хөнжил, гудас, гар нүүрний алчуур, цагаан хэрэглэлийг наранд тавих
- Ор, ширээ, сандлыг зайтай байрлуулах
- Ажлын байр, хоолны газар, ариун цэврийн өрөө, нийтийн халуун усны газрыг нэг литр усанд 25 мл белизнатай уусмалаар тогтмол цэвэрлэж халдваргүйжүүлэх
- Ажилчдын автобус, багаж төхөөрөмжийг сайтар цэвэрлэж халдваргүйжүүлэх
- Ээлжээр, цөөн тоогоор хооллох
- Шим тэжээлтэй хоол хүнсээр хангах
- Эргэлтийг утас болон цахимаар хийх боломж бүрдүүлэх
- Илгээмжийн сав, баглаа боодлыг савантай усаар угаах, халдваргүйжүүлэх
- Ачаалал бага өгөх, эрт унтуулах
- Covid-19-ийн халдвараас сэргийлэх зөвлөмжийг ил байршуулах
- Халуурах, ханиах, цээжээр өвдөх зэрэг шинж тэмдэг илэрсэн тохиолдолд 119, 80086829 дугаарт хандах
Хүмүүжигч:
- Гаднын хүмүүстэй уулзах үед амны хаалт зүүх
- Гараа савандаж угаах
- Хүн хоорондын зай барих
- Шууны дотор тал руу ханиаж, найтаах
- Гар барихгүй, тэврэлдэхгүй байх.