Б.ЧИНБИЛИГ: Хар тамхи, мансууруулах бодисын  эрэлт хэрэгцээ,  гэмт хэргийн тоо  бодитой буураагүй Б.ЧИНБИЛИГ: Хар тамхи, мансууруулах бодисын эрэлт хэрэгцээ, гэмт хэргийн тоо бодитой буураагүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 27, Баасан
Өнөөдөр

Arslan.mn

Б.ЧИНБИЛИГ: Хар тамхи, мансууруулах бодисын эрэлт хэрэгцээ, гэмт хэргийн тоо бодитой буураагүй

2021 оны 4 сарын 23

Arslan.mn

Багануур дүүргийн Прокурорын газрын ахлах прокурор Б.Чинбилигтэй хар тамхи, сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэлийн хор хөнөөлийн талаар ярилцлаа.

- Нэг үеэ бодвол хар тамхи мансууруулах бодисын хор уршигийн  талаар иргэд мэддэг болсон ч  түүний бодит аюулыг төдийлөн  ойшоохгүй байгаа мэт санагдаж байна. Юуны өмнө мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт  бодис гэж юуг хэлээд байна вэ?

Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисын хууль бус эргэлтийн эсрэг нэгдсэн үндэстний байгууллагын конвенц гэж бий. Мансуурлах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг бид “Хар тамхи” гэж ерөнхийд нь нэршиж заншсан. Мансууруулах бодисыг дотор нь үйлчилгээ, гарал, хэлбэр дүрс, хор нөлөө, хэрэглээгээр нь янз бүр ангилсан байдаг. Тухайлбал, саатлын болон хөөрлийн төрлийн гэж байдаг. Саатлын төрлийн бодис нь ургамлын гаралтай, хөөрлийн төрлийнхөд нь химийн гаралтай бодисууд ордог.  Ерөнхийдөө эрүүл ухаантай хүнээс гарамгүй үйлдэл, үг өгүүлэл, эс үйлдэхүй гаргадаг, сэтгэцэд муугаар нөлөөлдөг бодис гэсэн үг.

Зарим улс оронд хориглоогүй зарим бодисыг их хэмжээний өвдөлт намжаах, өвчин намдаахад ашигладаг талтай боловч манай улсад мансууруулах төрлийн бодисууд хуулиар хориотой гэдгийг маш сайн ойлгох хэрэгтэй.        Зарим иргэд миний амьдарч байсан газар ингэдэг, би тэгдэг байсан, хууль бус гэдгийг нь мэдээгүй гэх мэт яриа гаргаад байдаг. Тиймээс санаатай болон санамсаргүй байдлаар энэ төрлийн гэмт хэргийн холбогдогч, хохирогч болохгүйн тулд эх орондоо мөрдөгдөж байгаа хууль дүрмээ сайтар уншиж, судлах хэрэгтэй.

- Энэ төрлийн гэмт хэргийг үйлдэж байгаа хүмүүсийн насны байдлыг харахад ихэнх нь залуучууд байгаа нь санаа зовоодог л доо.  Өсвөр насны хүүхэд, залуучууд энэ төрлийн гэмт хэрэгт холбогдоод байгаа шалтгаан нөхцлийг юу гэж харж байна вэ?

- Тийм шүү, хар тамхины хэрэглээнд залуу үеийнхэн татагдаж, гэмт хэрэгт холбогдох тохиолдол нэлээд байдаг. Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын хууль бус хэрэглээ өнөө үед өсвөр насныхны дунд маш их,  тархсан талаарх судалгаа бий. Түүнчлэн энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон  өсвөр насны хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нь огт мэдэхгүй, мэдсэн ч итгэхгүй, итгэхийг хүсдэггүй. Бараг л өөр муу хүн хүчээр барьж аваад миний хүүхдэд хэрэглүүлсэн, ам, хамар руу нь хийчихсэн мэтээр ярьж, хүүхдээ өмөөрч бусдын хүүхэд рүү, бусад хүн рүү дайрдаг нь өөрийнх нь хүүхдэд улам муу үлгэр дуурайл болж, сөрөг нөлөө авчирдаг гэдгийг ойлгодоггүй. Хар тамхи, мансууруулах бодисыг нэг бол донтож хэрэглэдэг, эсвэл мөнгөнөөс болж энэ замруу ордог. Түүнчлэн эрэгтэй хүн эмэгтэй хүнээс илүү донтох, хорт муу зуршлаа орхиж чадахгүй гэдгийг судалгаагаар тогтоосон.

- Ойр дотны хэн нэгэн нь хар тамхи, мансууруулах бодис хэрэглэж болозшгүй гэдгийг хэрхэн мэдэх вэ. Мэдсэн тохиолдолд юуг анхаарах ёсой вэ?

Өсвөр насныхан буюу 12-18 нас, орь залуу нас буюу 18-25 нас хүртэлх насныханд хүлээцтэй хандах, боломж олгох нь зүйтэй байдаг. Учир нь 25 хүртлээ бие хүний төлөвшил, тархины хөгжил, гэр бүлийн хүмүүжилтэй холбоотойгоор байр сууриа олдог буюу ерөнхийдөө 25 насанд хүрсэн хүнийг нас биед хүрлээ гэж үздэг.Тиймээс 25 хүртэлх насны хүмүүс бол ихэнх тохиолдолд ямар нэгэн нөлөөлөлд автаж буруу зан үйлтэй болох нь бий. Тэд өөрийн ухамсар, өөрийн шийдвэрээр аливаад ханддаггүй гэж үздэг. Тэгвэл хүний урд тархи буюу шийдвэр гаргах тархи нь 21 нас хүрэхэд төлжиж дуусдаг. Түүнчлэн 25 нас хүртлээ төлөвшиж зөв, бурууг ухамсарлаж шийдэх боломжит цаг хугацаа юм. Гэтэл энэ төлөвших хугацаанд нь буруу гэдгийг нь хэт их мэдрүүлж, эцэг эх ойр дотныхон нь хорьж цагдаад, хамаагүй шийтгээд, нийгмээрээ чичлээд байвал тухайн хүн “За би угаасаа муу хүн юм байна” гэж бодон гэмт хэргийн ертөнц, муу замыг сонгоод явчихдаг тал байна. Тиймээс 25-аас өмнөх насныхныг эргэж харах, тэдэнтэй ярилцах, сэтгэл зүйг нь засах байдлаар тэдэнд боломж олгох хэрэгтэй.

- Хар тамхи, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хүний эрүүл мэндэд асар их хор хохиролтойгоос нь гадна тухайн хүн нийгмийн харилцаанд хэвийн байдалтай ороход асар их цаг хугацаа шаарддаг шүү дээ?

- Хар тамхи буюу мансууруулах бодисын өвсний төрөл нь сэтгэл хөдлөлгүй болгож, маш их зүйл бодсоноор сэтгэл гутралд оруулдаг, зарим нь өөрийгөө хэт ухаантайгаар мэдэрч, улмаар сэтгэцийн өвчин шизофрин рүү орж эхэлнэ. Эхэндээ тайвширч буй мэт мэдрэмж авах хэдий ч аажимдаа хий үзэгдэл нүдэнд нь харагдаж, байнгын түгшүүрт байдалд автсаар энгийн амьралаас холдоно. Харин химийн гаралтайг хэрэглэснээр хор нөлөө нь шууд, хурдан илэрнэ. Хөөрлийн төрлийн бодис хэрэглэж буй хүмүүс нийгмийн харилцаа сайтай, догь буюу COOL хүмүүс шиг харагдана. Гэхдээ тэр нь цаашдаа өөрийг нь солиорлын байдалд хүргэж, зан үйлийн асар том өөрчлөлттэй болгодог. Өвсийг ялангуяа өсвөр насныхан, залуу хүмүүс хэрэглэснээр донтолтын хэмжээ маш өндөр буюу донтох магадлал их байдаг. Удаан хэрэглэснээр бие махбодийн тэнцвэр алдагдаж, маш их хөөрлийг авчирж, ерөнхийдөө бие нь хяналтгүй болно, юу хийж байгаагаа ч мэдэхээ болино. Тухайлбал бэлгийн хүчирхийлэлд өртөнө, буруу зөв, муу сайныг ялгаж, салгах ойлголтгүй байдлаас болж хүчирхийлэлд өртөх, дур хүсэл таашаалаа барих чадваргүй болох, эргээд юу болсноо сандаггүй. Мөн энгийн амьдралдаа орохоос утгагүй санагдах, амьдралын идэвхгүй болох, хүнийг хайрлах энэрэх сэтгэлгүй болж, нэг ёсондоо тухан хүний гадаад харилцаа бүрэн зогсож, хэл яриа удаашрах байдалтай болдог. Мөн хоолны дуршил сайжруулж байгаа мэт боловч энгийн хоол хүнсний хэрэглээ алдагдаж улмаар бага идэж, тураалд орох, цонхийх, ярилцахад удаан хэллэгтэй, аливааг удаан ойлгох байдалтай болж тархины үйл ажиллагаа аажмаар бүрэн өөрчлөгдөнө.  Хүмүүсийн андуурдаг зүйл нь тухайн үедээ зарим хүнд гаднаас авч буй мэдрэмжүүд хэт өндөр болж, ухаалаг, догь, хариу үйлдэл сайтай мэт шинж илэрдэг ч үнэндээ дээр дурдагдсан үхжилт, удаашрал явагдаж байдаг. Ургамал, химийн хольцтой зарим төрлийн мансууруулах эм, бодисыг ялангуяа эрэгтэй хүн удаан хэрэглэвэл “Тестестерон” гэх эрэгтэй хүнд давуу байдаг дааврыг байнга өндөр хэмжээнд ялгаруулаад байхаар тухайн хүн маш их өөртөө итгэлтэй болдог. Хорвоо ертөнцийг эрхшээж байгаа мэт санагдана, тухайн хүний зүрхний цохилт ихсэж, хурц ааштай, түргэн шуурхай, ширүүн шинжтэй болно, хариу үйлдэл их хурц, ааш араншин эвдэрнэ, ууртай болно, юу ч хийхэд бэлэн, айдасгүй болох буюу тухайн хүний дотор маш их зориг, хүчийг мэдэрч, их хэмжээний адраналлин ялгаруулж байдаг.

- Бодит байдлаас тасарсан мэдрэмж төрүүлдгээс үүдэн мансууруулах бодис хэрэглэхгүй л бол болохгүй мэт мэдрэмж төрдөг байх нь ээ?

- Тархи ерөнхийдөө хатангиршиж, хүнийг хөөрөлд хэт их автуулсаар сүүлдээ тэр байдалдаа донтож эхэлдэг. Өөрөөр хэлбэл энгийн байдалдаа сэтгэл ханахгүй, мансуурлын үр дүнд өөрийгөө мэдэрч, дутуугийн мэдрэмжээ хаядаг болохоор тухайн бодисоо хэрэглэх гэж хүснэ. Мөн бодисын солилцоо өөрчлөгдөж, бие, нүүрэн дээр юм гарах, арьсны өнгө бие байдал өөрчлөгдөх, хоол идэхээ больж, шүд унах гэх мэт байдлаар сөрөг нөлөө илэрсээр сүүлдээ тухайн хүн, үгүй болно гэсэн үг. Түүнчлэн бэлгийн чадавхийн хувьд тухайн үедээ таашаал өгөх мэт боловч аажмаар чадавхгүй болно. Химийн гаралтай эм, бэлдмэлүүд хүний таван мэдрэхүйг маш өндөр төвшинд хүргэж, улмаар хэрэглэсэн хүнд хий зүйлс ихээр үзэгдэх, тухайн хүн бодит ертөнцөд амьдрахгүй болж эхэлдэг. Хөөрлийн төрлийн мансууруулах бодис буюу хэт хөөрөлд автаж, өнгө, дуу хөгжим зэргийг өөрөөр, өндөр мэдрэмжээр хүлээж авна. Тухайн цаг хугацаандаа өндөр хэмжээний мэдрэмжийг өгч, 8-10 цагийн дараа үйлчилгээ гарч эхлэхээр шарталтад орох буюу бие нь өвдөж, бүх зүйл нь бууралттай болж, сэтгэл гутралд ордог.

- Шарталт гэхээр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсний дараа биед гардаг өөрчлөлтөөр уншигчид төсөөлж байгаа байх. Архи согтууруулах ундаа хэрэглээд шартах мэдрэмжтэй ижилхэн үү?

Архи согтууруулах ундаа хэрэглэснээс үүдэлтэй шарталтаас хэд дахин илүү өвдөлт бухимдлыг мэдэрнэ.  Энэхүү шарталт нь долоо хоног орчим үргэлжилдэг  бөгөөд зарим хүнд үүнээс ч удаан хугацаагаар илэрдэг. Тухайн хүн энэ хугацаанд дахин хэрэглэх донтолтод орно. Удаан хэрэглэх тусам биеэ хянах чадваргүй, тухайн зүйлээ хэрэглэхийн тулд юу ч хийхээс буцахгүй, эцэг эх, хүүхдээ ч яахаас ч буцахгүй, дотоод зүйлээ мэдрэхийн тулд нийгмийн мэдрэмж, ёс суртахуун, ухамсар гэдэг зүйлийг бүр мөсөн орхино. Маш аюултай. Юун хууль, ухамсар, хүнийг хайрлах... Бас нэгэн өөр төрлийн бодис буюу мөс гэж нэрлэгддэг бодис нь химийн цэвэр бодисоос гаргаж авдаг ба үүнийг хэрэглэсэн бол хэзээ ч гарахгүй, тухайн хүнийг бодит байдлаас тэс өөр хийсвэр ертөнцөд шилжүүлнэ. Нэг бол галзуурлын байдалтай болно, эсвэл ихэнх тохиолдолд хөшингө байдалтай болгодог буюу дотроо мансууран өөр хий юм харж амьдарч байгаа тул хөдөлж чадахгүй байдалд ордог. Мансууруулах бодис хэрэглэсэн хүнийг нүдний хүүхэн хараа томрох, хүйтэн хөлс гарч, хэл ярианы хувьд нэлээн удаашралтай, нүдний судас тэлж улайсан, цаг хугацаа, хариу үйлдлийн хувьд удаашралтай дүйнгэ байдалтай болдог.

- Хүүхэд залуусыг хар тамхи мансууруулах бодисоос хол байлгахад эцэг, эх, багш нарын үүрэг, оролцоо чухал байх л даа. Хэрхэн хяналт тавих ёстой вэ?

Эцэг эх, багш, сурган хүмүүжүүлэгч нарын хувьд анхаарах дараах хэдэн зүйлс байна. Тухайлбал, зан ааш өөрчлөгдөх, царай нь цайраад хувхай цагаан болох, нүд улайх, хамраа байнга үрэх гараараа оролдох, сордог төрлийн хар тамхины хэрэглээтэй хүн бол ханиалгадаг болох, турах, нойргүйдэх, хэвийн байдлаасаа удаан хөдөлгөөн, яриатай болох, хөлсөрхөг болох, заримдаа хэт догь, сэргэлэн чадалтай мэт байх, хүүхэн хараа томорсон байх зэрэг олон шинж тэмдэг илэрдэг. Тухайлбал гэмт этгээдүүд ихэнх тохиолдолд боломжтой, баян айлын хүүхдүүдийг өөрсдийн байгаа болгодог ба эхлээд зүгээр хамтдаа хэрэглэж, үнэгүй өгөөд улмаар донтсоны дараагаар худалдан борлуулах, гартаа оруулах арга замаар үйл ажиллагаагаа явуулдаг. Хэрэв таны хүүхэд хэрэглэсэн талаар олж мэдвэл, шууд буруутгаад, загнаж зодоод, хүчлээд байвал улам цааш л явах нь элбэг. Харин та ярилцаж, ойлголцох гэж оролдох түүнчлэн мэргэжлийн хүн, сэтгэл судлаачид хандах хэрэгтэй. Дээр хэлснээр 25 наснаас доош насны хүмүүст боломж олгох хэрэгтэй.

- Энэ төрлийн гэмт хэрэгт холбогдсон иргэд хууль эрхзүйн мэдлэг дутуу дулимаг байна уу. Эрүүгийн хуульд энэ талаарх хэргийг хэрхэн зохицуулсан байдаг вэ?

- Монгол Улсын Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлд “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийг зааж өгсөн бөгөөд нэгдүгээрт, Хориглосон мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, тэдгээрийн түүхий эдийг худалдаалах, хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан, бусдад өгсөн, олж авсан бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заасан. Мөн худалдаалах зорилгоор, удаа дараа үйлдсэн, зохион байгуулалттай гэмт бүлэг үйлдсэн, улсын хилээр нэвтрүүлсэн .... гэх мэт зүйл анги нь хүндрэх тусам бүх насаар нь хорих хүртэл шийтгэл оноохоор зүйлчлэгдсэн байдаг.  Мөн тус хуулийн 20.8 дугаар зүйл.” Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэх орон байраар хангах” 20.9 дүгээр зүйл. “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг завших” 20.10 дугаар зүйл. “Мансууруулах үйлчилгээ бүхий ургамлыг хууль бусаар тариалах” зэрэг гэмт хэргүүдийг Эрүүгийн хуульд зааж, зохицуулж өгсөн. Мөн Зөрчлийн тухай хуулийн  6.4 дүгээр зүйлд Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хууль зөрчих буюу Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөлтэй мансууруулах, тайвшруулах үйлчилгээтэй, сэтгэцэд нөлөөт эм, бодистэдгээрийн түүхий эдийг заасан төрөл, тоо хэмжээнээс хэтрүүлсэн, эм ханган нийлүүлэх байгууллагуудад зохих зөвшөөрөлгүй олгосон бол хууль бусаар олсон хөрөнгө, орлогыг хурааж хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг гурван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох гэх мэт хуулийн дагуу хариуцлага тооцдог.

- Он гарсаар хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хичнээн хэргийг шүүхээр шийдвэрлээд байна. Cүүлийн үеийн тоо баримтаас хуваалцвал?

- 2021 оны эхний улирлын байдлаар нийт 138 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 11 хэргийг хааж, 46 хэрэгт яллах дүгнэлт бичиж шүүхэд шилжүүлсэн байна. Үүнээс Улсын хэмжээнд нийт 51 хүнийг энэ хэрэгт яллагдагчаар татан, эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгаа нь өмнөх оны мөн үеэс буурсан тоо үзүүлэлт боловч  эрэлт, хэрэгцээ, гэмт хэрэг бодитой буурсан бус, харин цаг үеийн нөхцөл байдалтай холбоотой гэж дүгнэхээр байна. Гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн насны хувьд 16-17 насны гурав, 18-24 насны 24, 25-29 насны 11, 30-34 насны найман иргэн байгаагаас харахад дээр хэлсэнчлэн өсвөр болон залуу насныхан холбогдсон тохиолдол өндөр байна. “Итгэх нь сайн хэрэг ч, шалгаж нягтлах нь түүнээс илүү сайн” гэж үг байдаг. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн хүүхдүүдтэйгээ  цагийг зөв боловсон өнгөрүүлж, харилцан ярилцаж, ойлголцохын тулд хүүхдийнхээ сонирхдог зүйлийн талаар мэдлэг, мэдээлэлтэй байх шаардлагатай. Хүүхдүүдтэйгээ аль болох найз шиг нь хандан ярилц. Давхар хяналтаа тавь л гэж хэлье  дээ.

Эх сурвалж: Өдрийн сонин 2021.04.21 №079(6701)

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
2
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
625926
2 эможи

zochin
2021-04-23 17:09
hunee zuv olj boditoi eh survalj too barimttai niitlel tavi
Зочин
2021-04-23 15:06
аргагүй ш дээ дарга нарынхан хүүхдүүд зөөгөөд хариуцлага тооцох гэхээр эрх мэдлээс нь айгаад арга хэмээ авч чадахгүй байгаа биздээ
keyboard_arrow_up