Цасан шуурга шуурч, зам даваа хаагдахыг АНХААРУУЛЖ байна
Цаг уур орчны шинжилгээний газраас 2021 оны дөрөвдүгээр сарын 24,25-ны өдөр ихэнх нутгаар ахиу хэмжээний нойтон цас орж, 24,26-ны өдөр салхи 6-11 м/с, зарим үед 16-18 м/с хүрч ширүүсэн, зам даваа хаагдах эрсдэл өндөр байгааг анхааруулж байна.
Мөн гол, мөрөн, нуур битүү мөсөн бүрхүүлтэй байгаа ч гол мөрний дунд болон адгаар мөс аажмаар хайлж, харз, тошин үүсэх, мөс харлах , мөсөн дээгүүр ус урсах, мөс байрандаа хайлах зэрэг үзэгдэл ажиглагдаж мөс хэврэгшин нимгэрч байгаа аж. Иймд цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах болон авто тээвэр хийхгүй байхыг онцгойлон анхааруулав.
Иргэд та бүхэнд цаг агаарын мэдээ, мэдээллийг цаг тухай бүр сонсон, мэргэжлийн байгууллагаас өгч буй сэрэмжлүүлэг, анхааруулгыг дагах, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, салхи шуурганд төөрөх, малтайгаа уруудах эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байх нь зүйтэй. Мөн тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчихыг Онцгой байдлын газраас анхааруулж байна.