ШИНЭ ЦЭС: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөдөө тохирсон ажлын байрны мэдээллийг НЭГ ДОРООС авах БОЛОМЖТОЙ боллоо
"Зориг" сангаас 18 дахь жилдээ хэрэгжүүлж буй "Залуу Манлайлал Хөтөлбөр (YLP)"-ийн оролцогч залуус "Нэг тэрбум хайр, Нэг тэрбум ертөнц" төслийг хэрэгжүүлж байна.
"Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байрны цэс үүслээ"
Уг төсөл хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, ажлын байр хайх сувгийг нэмэгдүүлэх мөн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар эерэг, зөв ойлголтыг өгөх зорилготой.
Төслийн хүрээнд Монголын хамгийн том хөдөлмөр зуучлалын вебсайт болох "Zangia.mn"-тэй хамтран хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн ажлын байрны заруудаас бүрдэх ЦЭС шинээр үүсгэжээ. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдөдөө тохирсон ажлын байрны мэдээллийг нэг дороос авах боломжтой болж байгаа аж.
Монгол Улсын 2020 оны хүн амын тооллогоор хөгжлийн бэрхшээлтэй нийт 106 мянга 400 иргэн бүртгэгдсэн байдаг ба эдгээрээс 94,8 мянга нь хөдөлмөр эрхлэх насанд хүрсэн байна. Гэвч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажил хомс, мэдээлэл дутуу гэх зэрэг олон хүчин зүйлээс шалтгаалан 72 хувь нь ажилгүй хэмээх судалгаа бий.
Төслийн багийн гишүүд: “Манай улсад өмнө нь гадаад, дотоодын байгууллагуудын хийсэн олон судалгаатай танилцаж мөн энэ чиглэлээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдтэй уулзах үед өөрийн хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон ажил эрхлэх боломжтой ч нийгэм дэх буруу хандлага, мөн ажлын байрны мэдээлэл хомс байдгаас шалтгаалан ажил хийдэггүй гэх хариулттай олон удаа тулгарсан. Тиймээс уг асуудлуудад бага ч гэсэн шийдэл олох үүднээс "Zangia.mn"-тэй хамтран уг цэсийг хөгжүүлсэн. Ингэснээр иргэд тус цэсэд нээлттэй зарлагдсан ажлын байруудтай танилцаж, өөрийн хөгжлийн бэрхшээлийн хэлбэрт тохирсон ажлын байрыг олох боломжтой болж байгаа юм. Үүнээс гадна бид төслөөрөө дамжуулж нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар эерэг хандлагыг түгээх үүднээс кампанит ажил өрнүүлж байна” гэлээ.
Иргэд энд дарж хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан ажлын байруудтай танилцах боломжтой.
Мөн төслийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг,
https://www.facebook.com/onebillionworldsmongolia
https://www.instagram.com/onebillionworlds
onebillionworlds@gmail.com хаягаар авах боломжтой юм.