Д.Эрдэнэсувд: Зөрчлийн холбогдогч, шүүгдэгч нар ПСР шинжилгээ өгч, шүүх хуралдаанууд үргэлжлэхээр боллоо
Чингэлтэй дүүргийн прокурорын газрын ахлах прокурор Д.Эрдэнэсувдтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн энэ үед Прокурорын байгууллага хэрхэн ажиллаж байна вэ?
-Прокурорын байгууллагын үйл ажиллагаа Гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед ч тасралтгүй явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл хэрэг хянан шийдвэрлэх болон ял эдлүүлэх ажиллагаа тасралтгүй үргэлжилж байдаг учраас энэ үед хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдөхөөс сэргийлэх хяналтын чиг үүргээ бүрэн хэрэгжүүлэн ажиллаж байна.
Харин хатуу хөл хорио тогтоосон, мөн харьяа хуулийн байгууллагуудад үүссэн халдварын нөхцөл байдалтай холбоотойгоор эрүүгийн болоод зөрчлийн шүүх хуралдаан түр хугацаагаар хойшилсон боловч өнөөдрөөс /2021.04.27/ эхлэн зөрчлийн холбогдогч болон шүүгдэгч нарыг ПСР шинжилгээнд хамруулан шүүх хуралдааны үйл ажиллагаа хэвийн явагдахаар болж байна. Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хувьд өмгөөлөгч, иргэд, байгууллагаас цахимаар гаргасан 50 гаруй гомдол, хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэсэн.
-Хөл хорио тогтоосон өдрүүдэд Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт ямар төрлийн зөрчлийн хэргүүд гарч байна вэ?
-Хэдийгээр хатуу хөл хорио тогтоосон байгаа ч гэсэн гэмт хэрэг, зөрчлийн хэрэг гарсаар байна.
Тухайлбал, Чингэлтэй дүүргийн прокурорын газарт гэхэд энэ оны 4 дүгээр сарын 10-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хөл хорио тогтоосон хугацаанд гэмт хэргийн талаарх 128 гомдол, мэдээлэл, зөрчлийн шинжтэй 358 гомдол, мэдээлэлд хяналт тавьж ажилласан.
Хөл хорио тогтоосон эдгээр өдрүүдэд бүртгэгдсэн гомдол, мэдээллүүдээс харахад Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчил хамгийн их гарсан байна. Он гарсаар тус прокурорын газрын хэмжээнд гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 170 дуудлага мэдээллийг цагдаагийн байгууллагаас хүлээн авч шалган, 116 хүнд шийтгэл оногдуулж, албадлагын арга хэмжээ авахуулахаар харьяа шүүхэд шилжүүлсэн.
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн гаралтыг бууруулахын тулд ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?
-Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих зөрчлийн гаралт буурахгүй байгаа, ялангуяа хөл хорионы үед нэмэгдэх хандлагатай байгаа учраас Чингэлтэй дүүргийн прокурорын газраас энэ төрлийн гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хэд хэдэн зохион байгуулалтын арга хэмжээг авч ажиллаж байгаа.
Тухайлбал, “Гэр бүлийн хүчирхийлэлгүй Чингэлтэй” өдөрлөгийн дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, дүүрэг дэх Цагдаагийн газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Эрүүл мэндийн төв, Чингэлтэй дүүрэг дэх Эрүү, Иргэний хэргийн анхан шатны шүүх, Мэргэжлийн хяналтын хэлтэс, Онцгой байдлын хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Улсын бүртгэлийн хэлтэс, Дэлхийн зөн Монгол зэрэг байгууллагуудтай хамтран зохион байгуулж байна. Одоогоор дүүргийн иргэд, олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх богино хэмжээний видео шторкууд гаргах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх хамтарсан багийн гишүүдэд хууль эрх зүйн мэдлэг олгох сургалтад хамруулах зэрэг ажлууд хийгдээд байна.
Иргэдэд хуулийн талаас нь мэдээлэл өгөхөд Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг зодсон, хүсэл зоригийнх нь эсрэг тодорхой үйлдэл хийх, хийхгүй байхыг албадсан, бусадтай харилцахыг хязгаарласан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол 7-30 хоног баривчлах шийтгэл оногдуулах” зохицуулалттай байдаг. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх нь хүний амьд явах, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхэд халдсан, хор нөлөө ихтэй үйлдэлд тооцогддог учраас хүлээлгэх хариуцлага чанга, тодорхой хугацаанд нийгмээс тусгаарлах арга хэмжээ авдаг онцлогтой байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Хөл хорио тогтоосон энэ үед QR кодоор замын хөдөлгөөнд оролцож байгаа. Өнгөрсөн хугацаанд QR кодыг хуурамчаар үйлдэж хөдөлгөөнд оролцох зөрчлүүд гарч байсан. Чингэлтэй дүүргийн прокурорын газраас энэ төрлийн хэчнээн зөрчлийн хэрэгт хяналт тавьж ажилласан бэ?
-Энэ оны хоёрдугаар сард хатуу хөл хорио тогтоох үед үйл ажиллагаа нь хязгаарлагдаагүй байгууллагын албан хаагчийг QR кодоор замын хөдөлгөөнд оролцох шийдвэр гаргаж байсан. Энэ үед иргэд QR кодыг хуурамчаар үйлдэн замын хөдөлгөөнд оролцох явдал нэлээдгүй гарсан. Чингэлтэй дүүргийн хэмжээнд гэхэд хуурамч болон бусдын QR кодыг ашиглан замын хөдөлгөөнд оролцсон гэх нийт 37 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаж, шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Тусгай зөвшөөрөл, эрх олгосон, үүргээс чөлөөлсөн баримт бичиг, тамга, тэмдэг, хэвлэмэл маягт, иргэний, албаны, жолоодох эрхийн үнэмлэх, боловсролын үнэмлэх, диплом, гадаад паспорт, төрийн шагнал, хүнийхувийнбайдлыгтодруулсан, гэрчилсэн, эдийн, эдийн бус баялгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхийг тодорхойлсон баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан бол 450.000-5.400.000 төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хуульчилсан байдаг.
Энэ удаагийн хөл хорионы үеэр мөн зөвшөөрөгдсөн аж ахуйн нэгж байгууллагын албан хаагчдыг QR кодоор замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэр гарсан. Тиймээс иргэд эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээрийн дэглэм, бусад хууль тогтоомжийг мөрдөж, зөрчил гаргахгүй байхыг хүсмээр байна.
Эх сурвалж: УЕПГ