Б.Баатархүү: Сувилагч унаж амиа алдсан шалтгааныг тогтоохоор ажиллаж байна
Улсын нэгэн төв эмнэлгийн КОВИД-ын эмчилгээний тусгаарлалтын бүсэд ажиллаж байсан сувилагч өндрөөс унаж нас барсан тухай мэдээлэл гарсан. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүүгээс тодрууллаа.
Тэрбээр " Одоо шууд унаж нас барсан гэж дүгнэлт хийж болохгүй. Анх Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр УНТЭ-ийн гадна өндрөөс унасан байдалтай хүн нас барсан байна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу тус дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн бүрэлдэхүүн баг очиж, шалгалт хийж байна. Одоо шалгалтын ажиллагаа явагдаж байна. Гэрчүүдээс тайлбар мэдүүлэг авч, шалтгаан нөхцөлийг тодруулж байна. Амь хохирогчийн амь насаа алдах болсон шалтгааныг задлан шинжилгээгээр тогтоох болно. Хэргийн бодит үнэнийг тогтоох мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Хэргийн газрын үзлэгээр зургаан давхраас унасан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон. Прокурорын хяналт дор цагдаагийн байгууллага нарийвчлан шалгаж байна.
Хэвлэл мэдээллийн хэрэгслээр батлагдаагүй сэжиг таамгууд их гаргаж байна. Тиймээс хэвлэл мэдээллийн байгууллага, иргэд, олон нийт талийгаачийн ард гэрт хүндэтгэлтэй хандах үүднээс хэргийн шалтгаан нөхцөлийг тогтоох хүртэл янз бүрийн худал мэдээлэл тараахгүй байхыг хүсье" гэлээ.