ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр 1,918 цэгт цагдаа, дотоодын цэргийн 11,648 алба хаагч үүрэг гүйцэтгэлээ
Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд дөрөвдүгээр 29-ны өдөр урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр 1,918 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 11,648 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт 16,641 иргэн, 1,705 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1,356 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 129 шаардлага хүргүүлэн ажиллажээ.
Зөрчил, гомдолтой холбоотой нийт 425 мэдээлэл ирснээс 345 нь нийслэлд, 80 нь орон нутгаас байна.
Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 89 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Харин улсын хэмжээнд зөрчил гаргасан 194 иргэнд 7,120,000 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас УРИАЛЖ байна.