Д.Жанчивдорж : Бүртгэгдсэн дөрвөн хэрэг тутмын нэг нь хулгайлах, таван хэрэг тутмын нэг нь залилах гэмт хэрэг байна
Цагдаагийн ерөнхий газрын Мэдээлэл, дүн шинжилгээ, шуурхай удирдлагын албаны Статистик, мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Д.Жанчивдоржтой ярилцлаа.
ӨМНӨХ ОНТОЙ ХАРЬЦУУЛБАЛ НИЙТ БҮРТГЭГДСЭН ГЭМТ ХЭРЭГ 26.8 ХУВИАР БУУРСАН
-Сүүлийн хоёр жил бүх нийтээр цар тахлаас урьдчилан сэргийлж, хөл хорио тогтоосон нь цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа болоод нийтийн хэв журамд тодорхой хэмжээнд нөлөөлсөн болов уу хэмээн бодож байна?
-Криминологийн шинжлэх ухаанаар гэмт хэрэг, зөрчлийг тухайн нийгмийн үзэгдэл гэж үздэг бөгөөд жилд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг нутаг дэвсгэр, цаг хугацаа, холбогдогч, хохирогчийн нас хүйс, боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн байдал гэх мэт олон үзүүлэлтээр гаргаж нийгэм эдийн засаг бусад статистик тоон мэдээлэлтэй харьцуулалт, дүгнэлт хийсний үндсэн дээр гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх бодлогыг боловсруулдаг.
Үүгээр юуг илэрхийлэх гээд байна вэ гэвэл 2020 оны гэмт хэрэг, зөрчлийн тоо мэдээ өмнөх онтой харьцуулахад буурсан эерэг үзүүлэлтэй байна. Үүнд шалтгаалсан хэд хэдэн хүчин зүйлс байгаа гэдгийг онцлох гэсэн юм. Дэлхий нийтэд тэр дундаа Монгол Улсад 2020 он амаргүй болоод онцлог жил байлаа. Шинэ төрлийн Ковид-19 цар тахал дэгдэж, түүнээс урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг Монгол Улсын Засгийн газраас нийгэм эдийн засгийн чиглэлээр шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлсэн бөгөөд энэ нь өнөөдөр ч хүртэл үргэлжилж байна. Яагаад онцлог байна вэ гэвэл Монгол Улс өмнө нь бүтэн жил орчим бүх нийтийн өндөржүүлсэн болон бэлэн байдлын зэрэгт шилжиж, ажиллаж амьдарч байгаагүй. Тиймээс 2020 онд бүртгэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн статистик тоон мэдээлэл их онцлог бөгөөд Криминологийн шинжлэх ухааныг судалдаг эрдэмтэн судлаач, багш оюутны судалгааны маш том сэдэв. Үүнийг цогцоор нь судалж, дүгнэх нь бусад цар тахал болоод онцгой нөхцөл байдлын үед гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, түүнтэй тэмцэх, мөн чиг үүрэг бүхий байгууллагын уялдаа холбоог хангах, болзошгүй эрсдэлийг даван туулах нэгдсэн бодлогыг оновчтой тодорхойлох ач холбогдолтой гэсэн үүднээс онцлоод байгаа юм.
-Өнгөрсөн онд цагдаагийн байгууллагад хичнээн дуудлага мэдээлэл бүртгэгдсэн бэ. Үүнээс хэд нь гэмт хэргийн шинжтэй байв?
-Өнгөрөгч 2020 онд цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарт иргэд, хуулийн этгээдээс 550254 дуудлага, мэдээлэл хүлээн авч хуульд заасан журмын дагуу шалгаж, шийдвэрлэлээ. Тодруулбал, сард 45.854, хоногт 1.528, цагт 63, минутад 1 дуудлага мэдээлэл ирсэн гэсэн үг юм. Дээрх тоон үзүүлэлтээс цагдаагийн байгууллагын ачаалал ямар байгаа нь харагдах байх. Үүнээс гэмт хэргийн шинжтэй 65 мянга 187, зөрчлийн шинжтэй 192 мянга 53 гомдол, мэдээллийг хуулийн дагуу шийдвэрлэсэн байна.
-Нийт гэмт хэрэг, зөрчлийн хэдэн хувь нь нийслэл хотод, хэдэн хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдэж байна вэ?
-Нийслэл хотод Монгол Улсын нийт хүн амын 50 гаруй хувь нь ажиллаж, амьдарч байгаа нөгөө талаар дийлэнх их, дээд сургууль, соёл, үйлчилгээний байгууллага байрлаж буйтай холбоотойгоор гэмт хэрэг зөрчлийн тоо харьцангуй өндөр. Улсын хэмжээнд нийт 23.064 гэмт хэрэг бүртгэгдсэн бөгөөд үүнээс 14 мянга 633 буюу 63.4 хувь нь Улаанбаатар хотод, 8420 буюу 36.5 хувь нь орон нутагт, 11 буюу 0.1 хувь нь хилийн чандад бүртгэгдсэн байна. Гэмт хэргийн гаралтыг өмнөх онтой харьцуулбал нийт бүртгэгдсэн гэмт хэрэг 8460 буюу 26.8 хувиар, Улаанбаатар хотод бүртгэгдсэн гэмт хэрэг 5628 буюу 27.8 хувиар, орон нутагт бүртгэгдсэн гэмт хэрэг 2784 буюу 24.8 хувиар тус тус буурсан эерэг үзүүлэлт харагдаж байна.
Дашрамд дурдахад олон улсын гэмт хэргийн түвшинг тодорхойлдог https://www.numbeo.com/ сайтад Монгол Улс гэмт хэргийн түвшингээр 57.97 оноогоор дэлхийн 129 улсаас 29 дүгээрт эрэмбэлэгдэж байна.
-Гэмт хэргийн бүтэц, төрлөөр нь авч үзвэл нийслэл хот болон орон нутагт ямар төрлийн гэмт хэрэг түлхүү бүртгэгдэж байна вэ?
Нийт гэмт хэргийн гаралт Баян-Өлгий, Завхан болон нийслэлийн Налайх, Багахангай дүүргүүдэд 0.7-85.7 хувиар өсч, бусад аймаг, дүүргүүдэд 3.9-42.5 хувиар буурсан байгаа. Бүртгэгдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн бүлгээр авч үзвэл нийт гэмт хэргийн 12.061 буюу 52.3 хувь нь Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, 7405 буюу 32.1 хувь нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, 985 буюу 4.3 хувь нь Хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргүүд эзэлж байгаа бөгөөд эдгээр гэмт хэргүүд нь нийт гэмт хэргийн 88.7 хувийг эзэлж байдаг. Тодорхой төрлийн гэмт хэргийн тухайд хамгийн их нь нийт гэмт хэргийн 5100 буюу 22.1 хувийг хулгайлах, 4270 буюу 18.5 хувь нь залилах, 1041 буюу 4.5 хувь нь мал хулгайлах, 981 буюу 4.3 хувь нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих, 404 буюу 1.8 хувь нь дээрэмдэх гэмт хэргүүд зонхилж байна. Өөрөөр хэлбэл бүртгэгдсэн дөрвөн хэрэг тутмын нэг нь хулгайлах, таван хэрэг тутмын нэг нь залилах гэмт хэрэг байна гэсэн үг.
-Коронавирусийн халдвар дэлхий нийтэд тархсантай холбоотой Монгол Улсын хил хаалттай, иргэд ихэнхдээ хөл хорионд байлаа. Энэ үед ямар төрлийн гэмт хэргийн тоо өссөн, ямар төрлийн гэмт хэргийн тоо буурсан байна вэ?
-Манай улсад өмнө нь бүртгэгдэж байсан гэмт хэргийн дийлэнх хувийг эзэлдэг тодорхой төрлийн гэмт хэрэг бүх нийтийн өндөржүүлсэн болон бэлэн байдлын зэрэгт шилжсэн үед буурсан. Тухайлбал, хулгайлах гэмт хэрэг 43.1 хувиар, дээрэмдэх гэмт хэрэг 53.5 хувиар, хүчиндэх гэмт хэрэг 16.6 хувиар, залилах гэмт хэрэг 8.9 хувиар тус тус буурсан. Харин эсрэгээрээ цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 2.6 дахин, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг 64.3 хувиар, хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэрэг 27.2 хувиар тус тус өссөн дүнтэй гарлаа. Шалтгааныг нь цар тахлын үед иргэдийн хөл хөдөлгөөн хумигдсан, согтууруулах ундаагаар үйлчлэх үйлчилгээг хязгаарлаж байсан, ажилгүйдэл ихсэж ахуйн хүрээний архидалт ихэссэнтэй холбоотой гэж урьдчилсан байдлаар дүгнэж байна.
-Гэмт хэргийн улмаас 670 иргэний амь нас хохирсон мэдээлэл ЦЕГ-ын цахим хуудсанд тавигдсан байсан. Энэ нь өмнөх оноос 260 нэгжээр буурсан үзүүлэлт байна. Хөл хорио тогтоосон нь хүний амь насыг хохироох хэргийн үзүүлэлт буурсантай ямар нэгэн байдлаар холбоотой болов уу?
-Энэ хугацаанд гэмт хэргийн улмаас 23050 иргэн, 66 хуулийн этгээд хохирч, үүнээс 670 хүн нас барж, 8175 хүн гэмтсэн гэсэн харамсалтай тоо гарч байна. Гэхдээ дээрх тоон үзүүлэлтийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, нас барсан хүний тоо 260 буюу 28 хувиар, гэмтсэн хүний тоо 552 буюу 6.3 хувиар тус тус буурсан. Нийт хохирогчдын 9421 буюу 40.8 хувь нь эмэгтэй, 1181 буюу 5.1 хувь нь хүүхэд байна.Дурдсан хугацаанд бүх нийтийн өндөржүүлсэн болон бэлэн байдлын зэрэгт шилжсэн байсан нь гэмт хэргийн улмаас нас барсан болон гэмтсэн хүний тоо буурсан шалтгаан, хүчин зүйлийн нэг хэсэг нь. Үүнээс гадна Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбоотойгоор холбогдох байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээ идэвхжсэн, ялангуяа цагдаагийн байгууллагаас зохион байгуулсан нөлөөллийн тодорхой аянууд үр дүнтэй байсан гэж үзэж байгаа.
-Нийт гэмт хэргийн илрүүлэлт хэдэн хувьтай байна вэ?
-Цагдаагийн байгууллага нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, илрүүлэх үндсэн чиг үүргийнхээ хүрээнд гэмт хэрэг гарсан шалтгаан, нөхцөлийг тогтоох, арилгуулах, чиглэлээр шат дараатай арга хэмжээ авч ажилладаг.
Цагдаагийн байгууллагад 2020 онд бүртгэгдсэн гэмт хэргийн 40.8 хувь нь нууц, далд аргаар үйлдэгдсэн бол илрүүлэлт улсын хэмжээнд 51.9 хувь, нийслэлд 48.3 хувь, орон нутагт 59.2 хувь байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс улсын хэмжээнд 7.0, нийслэлд 9.4, орон нутагт 2.3 нэгжээр тус тус өссөн байна.
-Өнгөрсөн хугацаанд цагдаагийн байгууллагад ирсэн нийт дуудлага мэдээллээс харж байхад гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой дуудлага мэдээллийн тоо буурахгүй байлаа. Үүний шалтгааныг юу гэж харж байна? Хичнээн хүнд ямар төрлийн хариуцлага хүлээлгэв?
-Энэ төрлийн гэмт хэрэгтэй холбоотой дуудлага мэдээллийн болон гэмт хэрэг, зөрчлийн тоо буурахгүй байгаа нь хэд хэдэн шалтгаантай гэж үзэж байгаа. Тухайлбал, Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хууль шинэчлэн батлагдаж, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн нь өмнө нь гэр бүл, ахуйн хүрээнд далд хэлбэрт байсан үйлдлийг гэмт хэрэгт тооцон хариуцлага тооцох болсон.Нөгөө талаар нийгмийн цахим хэрэглээ хүчтэй хөгжиж мэдээ, мэдээлэл шуурхай дамждаг болсон, мөн олон нийт болон хөрш айлын хараа хяналт сайжирч тухайн төрлийн гэмт хэрэг, зөрчил байж болзошгүй мэдээ мэдээллийг цагдаагийн байгууллагад мэдээлэх байдал иргэдийн зүгээс өсөх хандлагатай байна. Дээрх хугацаанд нийт бүртгэгдсэн гэмт хэргийн 1138 буюу 4.9 хувь нь гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой гэмт хэрэг бүртгэгдэж, холбогдох шалгалтыг хийсэн байна.
Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйл буюу Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих гэсэн үндэслэлээр 2020 онд цагдаагийн байгууллагын эрх бүхий алба хаагч 362 хүнийг торгож, 8089 хүнийг шүүхээр баривчлуулсан байна.
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдэд хүлээлгэх хариуцлага нэг үеэ бодвол нэмэгдсэн. Гэсэн хэдий ч гэр бүлийн хүчирхийллийн тоо буурахгүй байгаа нь хүлээлгэж байгаа хариуцлагатай холбоотой гэхээс илүүтэй иргэдийн ухамсартай холбоотой байна уу?
-Гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн иргэдэд хүлээлгэх хариуцлага холбогдох хууль тогтоомжоор тодорхой заагаад өгчихсөн учир түүнийг энд давтан ярихаа түр хойшлуулъя. Харин таны хэлсэнчлэн иргэдийн ухамсар, боловсролын түвшин, хөдөлмөр эрхлэлт, орлогын байдал зэргээс шууд шалтгаалж байна уу үгүй юу гэдгийг доорх тоон үзүүлэлт дээр ярилцъя. Улсын хэмжээнд бүртгэгдсэн бүх гэмт хэрэгт 16667 хүн сэжигтнээр тооцогдон шалгагдсаны 1152 буюу 6.9 хувь нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэний учир холбогдон шалгагдсаны 735 буюу 63.8 хувь нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ.
Дээрх хүснэгт мэдээллээс харахад боловсролын байдал яах аргагүй нөлөөлж байгаа нь харагдаж байна. Тэгэхээр ерөнхий боловсролын сургуулийн сургалтын тогтолцоог оновчтой болгож, улмаар тогтвортой байлгах шаардлага зайлшгүй бий болж байна. Харин сургалтын хөтөлбөрт гэр бүлийн хүчирхийлэл гэж онцолж үзэхгүйгээр эрх зүйн анхан шатны боловсрол олгох замаар хүүхэд бүр аав, ээж гэр бүл болно, хүний эрх, эрх чөлөөг хаана эдэлж, хэзээ юугаар хязгаарлагддаг гэх мэт суурь хүмүүжил олгох, зөв хүн байх төлөвшлийг ерөнхий боловсролын сургуулийн бага ангиас нь тогтвортой олгомоор байна. Хэдхэн жилийн дараа зөв төлөвшил, хүмүүжилтэй бүхэл бүтэн үе нийгмийн амьдралд орж ирнэ. Энэ нь гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр зорилтот бүлэгт чиглэсэн маш том угтуулсан үйл ажиллагаа гэж харж байгаа. Нөгөө талаар нэг их хөрөнгө мөнгө шаардахгүй, тогтолцоог нь шийдээд тогтвортой байлгавал үр дүнг нь богино хугацаандаа харчих боломжтой ажил юм. Дашрамд хэлэхэд хэдийгээр цагдаагийн байгууллага гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэгтэй тэмцэх үндсэн чиг үүрэгтэй ч урьдчилан сэргийлэх ажил нь иргэн бүрийн үүрэг, өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн, нэгжийн үүрэг, хариуцлагын асуудал гэдгийг хэлмээр байна. Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар ч ингэж зохицуулсан. Нэг өгүүлбэрээр илэрхийлбэл бүх нийтийн үйлс гэдгийг онцолмоор байна.
-Эцэг эхчүүд хүүхдүүддээ тавих хараа хяналт муу байгаагаас үүдэн хүүхдүүд гэмт хэрэгт холбогддог. Тэгвэл сургууль, цэцэрлэг хичээллээгүй, нийтээрээ шахуу хөл хориотой байсан энэ үед хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох байдал ямар байв?
-Насанд хүрээгүй буюу бидний ярьдгаар хүүхэд гэмт хэрэг, зөрчилд холбогдох асуудлыг бууруулах чиглэлээр дорвитой ахиц гарахгүй байна. Үүнд хэд хэдэн шалтгаан нөхцөл бий. Эх эцэг, хүүхэд, сургууль гэсэн гурвалсан холбооны харилцан уялдаа, хамтын ажиллагаа маш сайн байх хэрэгтэй юм шиг. Энэ талаар зарим сургууль, эцэг эх сайн ажиллаж байгаа байх, гэхдээ дийлэнх нь энэ талыг орхигдуулаад байна. Сургууль эцэг, эхэд найдаж орхидог, эцэг эх сургуульд нь найдаж орхидог, энэ дунд хүүхэд завсардаж зам тээврийн осолд өртөх, гэмт хэрэг, зөрчилд холбогдох явдал байна. Тоон мэдээллийг авч үзье, 2020 онд насанд хүрээгүй хүнээс үйлдэгдсэн гэмт хэрэг 811 бүртгэгдсэн. Үүний 68.8 хувь нь Улаанбаатар хотод, 31.2 хувь нь орон нутагт бүртгэгдсэн байх бөгөөд 631 буюу 77.8 хувийг хөнгөн, 180 буюу 22.2 хувийг хүнд гэмт хэрэг эзэлж байна. Хэдийгээр энэ үзүүлэлт өмнөх оны мөн үеэс 257 хэргээр буюу 24.1 хувиар буурсан таатай дүр зураг харагдаж буй ч бид энэ талаар дээр дорвитой анхаарах цаг болсон.
Эх сурвалж: dnn.mn
|