Б.Сүндэръяа: Үндэсний баялгийн сан алдсан боломжийг таван жилд нөхнө
“Зууны мэдээ” сонин салбар салбарын тэргүүлэгчид, шинийг санаачлагчдыг “Leaderships forum” буландаа урьж, Монгол Улсын хөгжлийн гарц боломжийн талаар ярилцаж тэдний сонирхолтой шийдэл, санаануудыг уншигчиддаа хүргэдэг билээ. Энэ удаагийн зочноор “Эрдэнэс Монгол” компанийн Хууль эрхзүйн газрын захирал Б.Сүндэръяаг урилаа.
БАЙГАЛИЙН БАЯЛГИЙГ МОНГОЛЧУУД ХЭДЭН ҮЕЭРЭЭ ТЭГШ ХҮРТЭХ ЁСТОЙ
“Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг зохицуулж Хүний хөгжил санд хөрөнгө төвлөрүүлж, эх үүсвэрийг бүрдүүлдэг Хүний хөгжил сангийн хууль 2016 онд хүчингүй болсон.
Үүний оронд Ирээдүйн өв сангийн хууль мөрдөгдөж эхэлснээр байгуулагдаад бараг нэг аравныг үдсэн “Эрдэнэс Монгол” компани хаана хүрэх вэ гэдэг дээр төвлөрч миний хувьд Баялгийн сантай холбоотой зохицуулалтыг судлаад зургаан жил боллоо. Энэ хугацаанд “Эрдэнэс Монгол” бол олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Баялгийн сангийн хөгжлийн загвар гэдэг нь тодорхой болсон.
Байгалийн баялгаас олсон ашгаа сав руу хийлээ гэж бодоход тэр мөнгийг иргэдэд тараах ёстой гэж ойлгож, үүнийгээ баялгийн өгөөжийг тэгш хүртээж байна гэж ойлгодог. Гэтэл баялгийн санг олон улсад эдийн засаг агуулга, утгаар нь авч үзэж макро эдийн засгийг хамгаалах арга хэрэгсэл гэж улс үндэстнүүд ойлгож, ашиглаж байна. Байгалийн баялаг бол гаднаас орж ирж байгаа их хэмжээний валютын мөнгөн урсгал буюу бидний зэс, нүүрсээ зарж олсон орлого юм.
Дэлхийн улс орнууд баялгийн санг сүүлийн 50 жил эрчимтэй хөгжүүлж, орлого төвлөрүүллээ. Орлогоо иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах арга механизмаараа давхар макро эдийн засгийг хамгаалж байна
Уул уурхайн энэ орлого эдийн засагт халалт үүсгэдэг. Энэ сөрөг нөлөөгөөр голланд өвчин, баялгийн хараалын шинж тэмдэг илэрч байна. Гэтэл гаднаас ирсэн их хэмжээний мөнгөн урсгалыг дотоодын эдийн засагт зөв шингээж, халалтаас сэргийлэх арга хэрэгсэл нь баялгийн сан байх учиртай.
Дэлхийн улс орнууд баялгийн санг сүүлийн 50 жил эрчимтэй хөгжүүлж, орлого төвлөрүүллээ. Орлогоо иргэдэд тэгш хүртээмжтэй хуваарилах арга механизмаараа давхар макро эдийн засгийг хамгаалж байна.
Монголчууд бэлэн мөнгө тараахгүй л бол өгөөжгүй гэж ойлгодог. Гэтэл гадны улс орнуудад баялгаа хуваарилах олон арга хэрэгсэл бий. Ихэнх нь хөгжлийн түвшин, эдийн засгийн өсөлтөөсөө хамаарч орлогоо шууд, шууд бус, дам гэсэн гурван байдлаар хуваарилж байна. Бэлэн мөнгө, тэтгэврийн зээл бол шууд хуваарилалтын нэг хэлбэр. Энэ бол баялгийн өгөөжийг хүртээх оновчтой арга биш.
Харин боловсролын тэтгэлэг, эрүүл мэнд, нийгмийн даатгалын үйлчилгээ зэргээр шууд бус, дам байдлаар буюу үе хооронд тэгш хүртээхийг улс орнууд илүүд үздэг.
Үүний нэг жишээ бол “Эрдэнэс Монгол” компани Оюутолгой, Тавантолгойн төслийг эдийн засгийн эргэлтэд оруулснаар Монгол Улсын эдийн засагт гурав дахин их тэлэлтийг бий болгож чадсан. Үүнийг дагаж ажлын байр, татварын орлого нэмэгдэж, дэлхийн хамгийн сүүлийн үеийн инноваци, шинэ технологи орж ирж байна. Энэ гурван шинжээр өгөөжийг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл,“Эрдэнэс Монгол” компани 12 жилийн хугацаанд шууд бус, дам аргаар иргэддээ өгөөж хүртээж ирсэн гэж хэлж болно.
2008-2012 онд Монголд эдийн засгийн тэсрэлт болсон. Тухайн үед баялгийн санг одоогийнх шиг хэмжээнд судалж, ашиглаж, гаднаас орж ирсэн их хэмжээний мөнгөн урсгалыг эдийн засагтаа зөв шингээж чадсан бол Монгол Улс өнөөгийн түвшнээсээ тав дахин өндөр хөгжилтэй байх боломж байлаа.
Гэтэл улс төрийн нөлөөлөл, хандлага, хөрөнгийн зарцуулалтаас болоод 12 жил “Эрдэнэс Монгол” компанийн хөрөнгийн хуримтлалыг зөв механизмаар тогтвортой урт хугацаанд өсөн нэмэгдэх боломжоор хангуулж чадсангүй.
Энэ алдаагаа давтахгүйн тулд Баялгийн санг олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн арга механизмынх нь дагуу байгуулья гэвэл бие даасан хуультай болгох ёстой.
Гадны улс орнууд Үндсэн хуульдаа баялгийн сантай холбоотой асуудлыг томьёолдог эрхзүйн практик байна гэдгийг Үндсэн хуулийн 6.2-т Үндэсний баялгийн санг хуульзүйн агуулгаар нь суулгаж өгсөн.
2019 онд тухайн үеийн Засгийн газрын захирамжаар хуулийн төсөл боловсруулах ажлын хэсэг байгуулж, миний бие техникийн ажлын хэсгийг ахлан Баялгийн сантай холбоотой цогц асуудлууд дээр ажилласан.Энэ хугацаанд 80 гаруй эх сурвалж ашигласан 98 хуудас бүхий Баялгийн сангийн суурь судалгааг бэлэн болголоо. Казакстан, Кувейт, Чили, ОХУ гээд 15 орны баялгийн сангуудыг харьцууллаа.
Тухайлбал, Сингапурын Үндсэн хуульд тус улсын үндэсний баялгийг бүтээх гурван байгууллага нь Үндэсний банк, Үндэсний хөрөнгө оруулалтын сан, Тимашиг холдинг гэсэн компани гэдгийг тусгасан. Энэ жишгээр гадны улс орнууд Үндсэн хуульдаа баялгийн сантай холбоотой асуудлыг томьёолдог эрхзүйн практик байна гэдгийг Үндсэн хуулийн 6.2-т Үндэсний баялгийн санг хуульзүйн агуулгаар нь суулгаж өгсөн. Ингэхдээ үндэсний баялгийг иргэнд тэгш хүртээмжтэй үе хооронд хуваарилна гэж заасан. Тэгш хүртээмжтэй гэдэг агуулгыг олон нийт тэр бүр сайн ойлгодоггүй.
Баялгийн санд 100 сая төгрөг байлаа гэхэд гурван сая иргэнд тэгш хувааж өгнө гэсэн үг биш. Тэгш хүртээмжтэй гэдэг нь өнөөдөр болон ирээдүйд төрөх үр хүүхдүүд цөм хүртэх ёстой. Баялгийн өгөөжийн тодорхой хувь нь ирээдүйд үлдэж, хэдэн үеэрээ тэгш хүртэх учиртай.
Үүнийг үе хооронд тэгш хүртээмжтэй хуваарилна гэдэг агуулгаар суулгаж өгсөн. Олон улсын жишиг ч ийм. Тэгш хүртээмжтэй гэдэг агуулга тэтгэврийн зээл тэглэх үеэр мөн л яригдлаа. Гэтэл Үндсэн хууль ирэх тавдугаар сараас хэрэгжих учраас тэгш хүртээмжтэй хуваарилах агуулгыг хуульзүйн хувьд тэтгэврийн зээл тэглэх харилцаан дээр хэрэглэх боломжгүй.
ҮНДЭСНИЙ БАЯЛГИЙН САНГАА ЗӨВ БАЙГУУЛЖ ЧАДВАЛ ИРЭЭДҮЙН ӨВ САНГИЙН ОРЛОГООС ИЛҮҮ ӨГӨӨЖТЭЙ
Блиц
БОЛОВСРОЛ:
–1999 он Монгол Улсын Их Сургуулийн Лицей
–2000 он Минландын ахлах сургууль, Палтома хот, Финланд улс
–2006 он МУИС-ийн Хууль зүйн сургууль, Олон улсын эрх зүй /Эрх зүйн бакалавр/
–2011 он Линдэнвүүдийн их сургууль, АНУ, Эрүүгийн эрх зүй, удирдлага /Хууль зүйн ухааны магистр/
–2015 он Баруун Австралийн Их Сургуульд Уул уурхайн бодлогоор мэргэжил дээшлүүлсэн
–2013-2014 он Компанийн засаглалын сургалт, Компанийн Засаглалын Үндэсний Зөвлөл
АЖЛЫН ТУРШЛАГА:
–2006-2008 он Гадаад хэргийн яам, Олон улсын байгууллагын газарт мэргэжилтэн
–2010-2012 он Туркиш Базаар хуулийн фирм, АНУ-ын Миссури муж, Сэйнт Луис хот
–2012-2013 он Денверийн Их Сургуулийн дэргэд Эмэгтэйчүүдийн чадавхыг сайжруулах тухай НҮБ-ийн төсөлд зохицуулагч, АНУ, Колорадо муж, Денвер хот
–2013 – 2016 он “Эрдэнэс Монгол” ХХК, ахлах хуульч
–2016-2018 он “Эрдэнэс Монгол” ХХК, Хуулийн хэлтсийн дарга
–2018 оноос “Эрдэнэс Монгол” ХХК, Хууль, эрх зүйн газрын захирал
-“Эрдэнэс Монгол” компанийг цаашид хэрхэх вэ гэдэг дээр олон судалгаа хийсний үр дүнд Үндэсний баялгийн сан хэлбэрээр өөрчлөн зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн. Эрхзүйн чадамжийг нь Үндэсний баялгийн сангийн хуулиар баталгаажуулж, олон улсад нийцүүлсэн сантай болох гарцыг олж харсан. Баялгийн сангийн менежмент, удирдлага нь “Эрдэнэс Монгол” компанид байх бол тодорхой эрхийг парламент шийдэхээр хуулийн төсөлд тусгасан.
Мөн орлогыг эдийн засаг нийгмийн хөгжилд зүй зохистой ашиглах зорилгоор Баялгийн санг бий болгодог.
Баялгийн санг улстөрчид их ярьдаг. Гэтэл яг юу юм бэ гэдгийг хэлж чаддаггүй. Гэтэл баялгийн сан гэж хүн бүр дураараа ярих биш олон улсын баримт бичгээр томьёолсон байдаг.
Олон улс, орчин үед хүлээн зөвшөөрөгдсөн ойлголтоор бол Баялгийн сан гэдэг бол төсөв болон эдийн засгийн орлогын тогтворгүй байдлын эрсдэлд өртөхөөс дархлаажуулах, мөнгөний удирдлагыг хүсээгүй хөрвөх чадвараас сэргийлэх, ирээдүйн үед зориулж хадгаламж бий болгохыг хэлнэ. Мөн орлогыг эдийн засаг нийгмийн хөгжилд зүй зохистой ашиглах зорилгоор Баялгийн санг бий болгодог. Тиймээс эдийн засгийн агуулгаар нь ойлгож байгуулах ёстой.
Сингапур байгалийн баялгаа валютын нөөцөөр тодорхойлж хилийн гадна талд байршуулж өсгөдөг. Норвеги мөн л газрын тосоо гадна талдаа зарж тэндээ хөрөнгө оруулж эдийн засгийн халалтаас хамгаалж байна. Үүний адилаар бидэнд ч гэсэн өндөр хөгжих боломж бий. Гэхдээ гадны туршлагыг судлахдаа монгол хүний мөн чанар, нийгмийн сэтгэлзүй, хөгжлийн түвшин гээд онцлогт нийцүүлэх учиртай.
1953 онд Кувейтээс эхлээд анхны баялгийн сангууд байгуулагдаж эхэлсэн. Газрын тостой орнууд бол орлого тодорхой, худалдан авагч олон, үнийн савалгаа бага учраас хөрөнгөө эргэлтэд оруулж өсгөх боломж өндөр.
Монголын хувьд нүүрс, зэстэй. Судалгаа хийж үзэхэд Хятад улс хүссэн хүсээгүй коксжих нүүрсийг ойрын 80 жилдээ худалдаж авна. Зэсийн үнийн савлагаа ч их өөдрөг гарсан.
“Эрдэнэс Монгол” компанийн хэрэгжүүлж ирсэн туршлагыг хуулиар баталгаажуулж буй хэлбэр юм.
Урт хугацаандаа зэс, нүүрсний орлого тогтвортой, өсөлттэй байх нь тодорхой болсон учраас Үндэсний баялгийн сангаа зөв байгуулж чадвал ирээдүйн өв сангийн орлогоос илүү өгөөжтэй байх юм. Баялгийн сангаар дамжуулж Тавантолгойн чулуун нүүрс, Багануурын Шивээ-Овоогийн хүрэн нүүрс, Оюутолгой, Эрдэнэтийн зэс молибдений орд, Асгат, Гурван булагийн ураны орд гээд долоон ордыг судалсан.
Баялгийн сангийн хуулийг олон улсын Сантьягогийн 24 зарчимд нийцүүлж, дэлхийн 130 сангийн туршлагаас суулгасан. Баялгийн сангийн орлогыг таван үндсэн эх үүсвэрээс төвлөрүүлнэ гэж үзсэн. Энэ бол шинэ зүйл биш. “Эрдэнэс Монгол” компанийн хэрэгжүүлж ирсэн туршлагыг хуулиар баталгаажуулж буй хэлбэр юм. Сангийн хөрөнгийн удирдлагыг хуульд тусгахдаа Засгийн газрын дэргэд байгуулахаар болсон.
Гэтэл олон улсын зарчимд санг улстөрчид биш мэргэжлийн хүмүүс удирдахаар заасан. Тиймээс улс төрөөс хараат байлгахын тулд санхүүг нь шилэн болгож, олон нийтийн хяналтыг бий болгохоор тусгасан. Харин улстөр, шантаажийг хэрхэн багасгах гээд маш ухаалгаар шийдвэрлэх шаардлагатай.
ИРЭХ НАМАР АСГАТЫН МӨНГӨНИЙ ОРДЫГ ЭРГЭЛТЭД ОРУУЛЖ, УРАНЫ ОРДУУД ДЭЭРЭЭ ЯРИЛЦЪЯ
-Баялгийн сангийн орлогыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын АМНАТ-аас төвлөрүүлнэ. Мөн ашигт малтмалын ордуудад үйл ажиллагаа эрхэлж байгаа төрийн өмчит компаниудын төрд ноогдох хувьцааны ашгийг санд төвлөрүүлнэ.
Тухайлбал, Оюутолгойн 35 хувийн хувьцааны ашиг санд төвлөрнө гэсэн үг. Мөн стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордууд дээр үйл ажиллагаа эрхэлж байгаа компаниудын хувьцаагаа борлуулсны тодорхой хувийг төвлөрүүлэхээр тооцсон.
Тавантолгойн IPO хийсний тодорхой хувийг татна гэж ойлгож болно. Бас нэгэн шинэ зохицуулалт оруулж ирсэн нь газрын тосны бүтээгдэхүүн хуваах гэрээний орлогын тодорхой хувийг баялгийн санд төвлөрүүлэх юм. Газрын тосны компаниуд ашигтай ажиллавал төрд ноогдох хувьцааны ноогдол ашгийг татан төвлөрүүлнэ.
Сангийн ашиг, хөрөнгөө тодорхой санд байршуулсны хувиар орлогоо бүрдүүлэх тооцоо хийсэн. Сангийн орлогоо арвижуулахын тулд санхүүгийн хэрэгсэл, мега төслүүдэд хөрөнгө оруулж, эрсдлийн сан байгуулах юм.
Гуравдугаарт, нийгэм, иргэнд чиглэсэн хөгжлийн санхүүжилт хийнэ. Төсөвт ачаалал үүсгэдэг сургууль, цэцэрлэг, залуучуудын хөгжлийн төв зэргийг санхүүжүүлнэ.
Харин сангийн орлогыг хуваарилахдаа тодорхой хувийг ирээдүйн иргэдэд хуримтлал болгож үлдээнэ. Мөн тэрбум ам.доллараас өндөр санхүүжилттэй мега төслүүдэд зарцуулна. Тухайлбал, Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулчихвал баруун бүсийн 100 мянган иргэнийг 80 орчим жил тогтмол орлоготой байлгах эхний тооцоолол гарсан.
Монголбанкны судалгаагаар тэрбум ам.доллараас дээш хөрөнгө оруулалттай арваад төсөл хэрэгжиж байгаа юм билээ. Гуравдугаарт, нийгэм, иргэнд чиглэсэн хөгжлийн санхүүжилт хийнэ. Төсөвт ачаалал үүсгэдэг сургууль, цэцэрлэг, залуучуудын хөгжлийн төв зэргийг санхүүжүүлнэ. Ингэж сангийн хөрөнгө өсөн нэмэгдэх зарчмаар явах юм.
Баялгийн санг зөв байгуулж, үр ашигтай ажиллуулж чадвал цаг хугацааг нөхөх боломжтой. “Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг анх үүсгэн байгуулсан үндсэн чиглэл зарчмаар нь явуулж, орлогыг нь урт хугацаанд тогтвортой өсөн нэмэгдүүлж чадсан бол өнөөдөр манай улс ямар хөгжилд хүрэх байв. 2008, 2012 онд “Эрдэнэс Монгол” компаниас авч иргэдэд бэлэн мөнгө тараагаагүй бол дэлхий дээрх цөөн хэдэн топ компаниудын нэг болох байлаа.
“Эрдэнэс Монгол” компанийн үйл ажиллагааг Баялгийн сангийн хөгжлийн сан загвараар зөв менежмент хийж, хуулийг нь баталж, боломжийг нь олговол ирэх намар Асгатын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Асгатыг дагаад ураны ордууд дээрээ ярилцъя.
Энэ эрчмээрээ явбал өнгөрсөнд алдсан боломжийг ирэх таван жилд нөхөх боломжтой. Хөрөнгийн өгөөжийн зохистой түвшинг хангаж чадвал өгөөжөө хурдан өгдөг. Энэ хэмжээгээр улсын хөгжил, эдийн засгийн өсөлт, иргэдийн амьжиргаа нэмэгдэнэ. Гэхдээ хууль батлаад сайхан болохгүй. Хуулиа зөв мөрдүүлээд явах хүртэл нийгмийн сэтгэлзүйг дараагийн түвшинд аваачиж байж дундаж давхарга нэмэгдэнэ.
С.Уянга
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин