ХАТУУ ХӨЛ ХОРИО: Өчигдөр цагдаа, дотоодын цэргийн 9,754 алба хаагч хорио цээрийн дэглэм сахиулах үүрэг гүйцэтгэлээ
Цагдаагийн байгууллагаас өндөржүүлсэн бэлэн байдлын үед улсын хэмжээнд Коронавируст цар тахалтай тэмцэх, урьдчилан сэргийлэх, олон нийтийн аюулгүй байдлыг хангах, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр ажиллаж байна.
Өндөржүүлсэн бэлэн байдлын хүрээнд улсын хэмжээнд тавдугаар сарын 04-ний өдөр урьдчилан сэргийлэх, хорио цээрийн дэглэм сахиулах чиглэлээр 1,565 хяналтын цэгт цагдаа, дотоодын цэргийн анги байгууллага, олон нийтийн цагдаа, ДХИС болон бусад байгууллагуудаас нийт 9,754 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж ажиллалаа.
ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас дээрх хугацаанд улсын хэмжээнд нийт 9,800 иргэн, 1,761 аж ахуйн нэгж байгууллагыг шалгаж, 1,528 удаа санамж, сэрэмжлүүлэг, зөвлөмж өгч, 124 шаардлага, хоёр мэдэгдэл хүргүүлэн ажиллажээ.
Зөрчил, гомдолтой холбоотой нийт 579 мэдээлэл ирснээс 463 нь нийслэлд, 116 нь орон нутгаас байна.
Үүнээс гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой 93 хэргийг хуулийн дагуу шалгаж байна. Харин улсын хэмжээнд зөрчил гаргасан 261 иргэнд 8,178,000 мянган төгрөгийн торгууль ногдуулжээ.
Иргэдийг эрүүл, аюулгүй байдлаа ханган гэртээ байхыг Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албанаас УРИАЛЖ байна.