Тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээнэ
Хөдөө орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг энэ сарын 22-ноос нээхээр төлөвлөж байгаа аж. УОК-ын хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагджээ. Уг журмаар иргэд нийслэлээс орон нутаг руу зорчихдоо очих аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авдагийг больж, 22-ноос эхлэн аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авах шаардлагагүй болжээ.
Энэ талаар УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах журам батлагдсан байгаа. Одоогийн байдлаар иргэд нийслэлээс орон нутаг руу зорчихдоо очих аймгийнхаа онцгой комиссоос зөвшөөрөл авч байна.
Харин 22-ноос эхлээд аймгийн онцгой комиссоос зөвшөөрөл авахгүй. Хот хооронд зорчих иргэдийг вакцины хоёр тунд хамрагдаад 14 хоносон гэсэн баримтыг нь үндэслээд явуулна. Вакцинд хамрагдаагүй бол PCR шинжилгээ өгсөн байх шаардлагатай. Эцэг эх нь вакцин хийлгэсэн ч хүүхдээ дагуулж явж байгаа бол шинжилгээ өгүүлсэн байна. Гэхдээ 0-3 насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй" гэлээ.