Шинээр будаж янзалсан Энхтайваны гүүрэн дээр зурж, сараачжээ
Саяхан шинээр засаж, будсан Энхтайваны гүүр, асар дээр сараачиж, элдвийн зүйл бичжээ. Энэ талаар Хотын менежер Т.Гантөмөр “Хүүхэд залуус ханан дээр сараачих, элдвийн зүйл бичих хандлага одоо ч байгаад харамсаж байна” гэжээ.
Энхтайваны гүүрний сэргээн засварын ажлын дутуу үлдсэн ажлуудыг засварлах ажлын явцад УБ хотын захирагчийн ажлын албанаас хяналт тавин ажиллажээ.
Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас Энхтайваны гүүрний автозамын хучилтыг 3см бүтэн хуулж шинээр бетон хучилт, 4 асрыг бүрэн сэргээн засварлах, гэрэлтүүлгийн 54 шонг бүрэн шинэчлэх, явган зам резин хучих зэрэг ажлуудыг хийж гүйцэтгэсэн.
Явган замын засварын ажилд шаардагдах голлох материал нь импортын бүтээгдэхүүн байсан бөгөөд гүйцэтгэгч компани байгаа нөөцөө ашиглан ажлын 60 хувийг гүйцэтгэсэн бөгөөд үлдэгдэл материалаа татан авахад хөл хорионы улмаас хил дээр саатсан байсан.
Хагарч бутарсан, цөмөрсөн, гэмтэлтэй хэсгүүд их байгаа тул тартан зам хийгдэхээс өмнө бетон хучилт, бүрэлтийн ажлыг хийж гүйцэтгэснийг шалгалаа. Дараагаар нь тартан хучилтын ажил эхэлнэ хэмээн Улаанбаатар хотын захирагчийн ажлын албанаас мэдээллээ.