Банк залилагч батлан даалтад байхдаа хэрэг үйлдсэн байж болзошгүй Банк залилагч батлан даалтад байхдаа хэрэг үйлдсэн байж болзошгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 24, Мягмар
Өнөөдөр

Arslan.mn

Банк залилагч батлан даалтад байхдаа хэрэг үйлдсэн байж болзошгүй

2021 оны 5 сарын 31

Банк залилагч батлан даалтад байхдаа хэрэг үйлдсэн байж болзошгүй

Худалдаа хөгжлийн банкны “Шангрила” дахь салбараас тавдугаар сарын 25-ны өдөр 50 орчим насны эмэгтэй хуурамчаар үйлдсэн бичиг баримтаар үйлчлүүлж, хоёр сая ам.доллар залилсан хэрэг гарсан билээ. Залилагч эмэгтэй нь барилгын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг БНХАУ-ын хөрөнгө оруулалттай компанийн баримт бичгийг хуурамчаар үйлдсэн байжээ.

Тодруулбал, тэрбээр энэхүү гэмт хэргийг 41 настай Э, 32 настай Б, 34 настай Б нартай бүлэглэн үйлдсэн байна. Тус хэрэгт цагдаагийн байгууллагаас 13-14 хүнийг сэжигтнээр тооцож, мөрдөн шалгаж, эрэн сурвалжилж байгаа юм.

ХОЁР САЯ АМ.ДОЛЛАР ЗАЛИЛСАН ЭТГЭЭДҮҮДИЙН НЭГИЙГ ЭРЭН СУРВАЛЖЛАХ АЖИЛЛАГАА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Энэ хэрэгт холбогдсон, эрэн сурвалжлагдаж байгаа сэжигтнүүд өмнө нь гэмт хэрэгт холбогдож байсан талаар болон хоёр сая ам.доллар олдсон тухай  мэдээллийг ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад “Мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Хэргийг Эрүүгийн цагдаагийн газрын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албаныхан шалгаж байгаа. Одоогоор хэрэгт холбогдоод байгаа хүмүүсийн талаар тодорхой мэдээллийг өгөх боломжгүй. Бидэнд ирсэн мэдээллээр залилан үйлдэгчид тус банкны харилцагч гадны компанийг төлөөлөх эрх бүхий иргэний бичиг баримтыг хуурамчаар үйлдэж гүйлгээ хийсэн.

Залилагчид нас барсан хүний бичиг баримтыг хуурамчаар үйлдсэн байсан. Энэ хэрэгт 10 гаруй хүнийг сэжигтнээр холбон шалгаж байгаа. Гол сэжигтнүүд болох дөрвөн хүнийг шуурхай эрэн сурвалжилж Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг тавдугаар сарын 29-ний  баривчилсан. Одоо Батсайхан овогтой Энхбаатарыг эрэн сурвалжилж байна. Хоёр сая ам.доллар залилан хэлбэрээр гүйлгээ хийгдсэн нь тогтоогдсоноос хойш цагдаагийн байгууллага мөрдөн шалгах ажиллагааг шуурхай хийж байгаа гэсэн юм.

Хоёр сая ам.долларын гүйлгээ залилан хэлбэрээр хийгдсэнээс хойш зургаа хонож байгаа. Одоогийн байдлаар нийт мөнгийг олоогүй бөгөөд 1.1 сая ам.долларыг машин дотроос олсон тухай мэдээлэл гарсан. Их хэмжээний мөнгө машинаас олдсон тус хэргийг Сүхбаатар дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байгаа аж. Тус хэлтэстэй холбогдож асуухад мэдээлэл өгөх боломжгүй. Худалдаа хөгжлийн банкинд мөнгө шилжүүлсэн зүйл байхгүй гэлээ.

ХОЛБОГДСОН ХЭРГИЙГ НЬ ЭЦЭСЛЭН ШИЙДВЭРЛЭЭГҮЙ БАЙХАД Б.БЯМБАДОРЖ ДАХИН ЗАЛИЛАН ҮЙЛДЖЭЭ

Албаныхан залилангийн хэрэгтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ийн тайлбарлаж байгаа бол зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Худалдаа хөгжлийн банкнаас их хэмжээний мөнгө залилсан хүмүүсийн нэг Б.Бямбадорж өмнө нь хэд хэдэн залилангийн хэрэгт холбогдож байсан байна. Тодруулбал, Хаан банкийг луйвардсан хэрэгт холбогдож байжээ. Тухайлбал, 2019 онд итгэмжлэх ашиглан тус банкны харилцагч БНХАУ-ын иргэний данснаас нэг тэрбум гаруй төгрөг залилсан аж. Тэрбээр батлан даалтад байх хугацаандаа ийнхүү дахин залилангийн хэрэгт холбогдсон болохыг эх сурвалжууд мэдээлж байгаа юм. Гэтэл энэ хэргийн талаар “Монгол Улсын Шүүхийн шийдвэрийн цахим хуудас”-наас хайлт хийхэд огт мэдээлэл гарч ирсэнгүй.

Цагдаагийнхан мөрдөн шалгах ажиллагааны явцад одоогийн байдлаар 1.1 сая ам.долларыг нь олж, эд мөрийн баримтаар хураан авсан аж. Мөн Б.Бямбадорж, Б.Баттулга, Э.Золхүү нарыг баривчлахдаа хэрэгт холбогдох нотлох баримтуудыг битүүмжилж, 800 гаруй мянган ам.долларыг нь хайж буй тухай мэдээлсэн юм.

Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуульд зааснаар 20 сая төгрөгөөс дээш болон түүнтэй тэнцэх хэмжээний валютын гүйлгээ хийхээр бол арилжааны банкууд Монголбанкны Санхүүгийн мэдээллийн албанд мэдээлэх үүрэгтэй. Хуулийн энэ заалтын хэрэгжилт сул байсан, эсвэл өөр ямар нэг шалтгаанаас болж залилангийн хэрэг гарсан талаар Худалдаа хөгжлийн банкнаас мэдээлэл өгөхгүй гэсэн юм.

Худалдаа хөгжлийн банкинд залилагчид хоёр сая ам.долларын валют гаргуулан авах хүсэлтээ өгч, улмаар өнгөрсөн долоо хоногийн мягмар гаригийн 15.00 цагийн үед 50 орчим насны эмэгтэйг явуулж авахуулсан аж. Хэд хэдэн залилан мэхлэх гэмт хэрэгт дээрх хүмүүс шалгуулж, хэргийг нь эцэслэн шийдвэрлээгүй байхад шүүгчийн захирамжаар батлан даалтад гарчхаад дахин энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, банкийг хохироосон явдалд холбогдох арга хэмжээг хуулийн дагуу авах нь тодорхой.

Тус хэргийг Прокурорын байгууллага хянан шалгаад Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газраас тус хэргийг ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны Залилах гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтэст шилжүүлэн шалгуулж болзошгүй байна. Уг хэргийн холбогдогч нарыг Эрүүгийн хуулийн 17.3-3.3 дахь хэсгийн хуурамч баримт бичиг, эд зүйл ашиглан, зохиомол байдлыг зориуд бий болгож, зохион байгуулалттайгаар бусдыг залилан мэхэлсэн гэх үндэслэлээр хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд цагдан хорьж саатуулаад байгаа.

Монгол Улсын хэмжээнд эрүүгийн хуулийн 17.3-д заасан “Залилах” гэмт хэрэг 2018 онд 5372 удаа бүртгэгдэж байсан бол 2019 онд энэ тоо 7821 болж өссөн бөгөөд гэмт хэргийн улмаас иргэд, байгууллагад учирсан хохирлын хэмжээ 165.6 тэрбум төгрөгт хүрч өсч байжээ. Харин 2020 оны хоёрдугаар улирлын байдлаар 2598 болж, гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэмжээ 52.8 тэрбум төгрөг болсон байна. Жил бүр банктай холбоотой залилах гэмт хэрэг гардаг ч сүүлийн жилүүдэд статистик буурч байгаа аж. Гэвч энэ төрлийн хэргийн мэдээллийг олон нийтэд хүргэхгүй байхыг банк эрмэлздэг байж болзошгүй юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627372
0 эможи

keyboard_arrow_up