Ш.ОДОНСҮРЭН: ЖДҮХС зэрэг тусгай сангуудад учирсан  хохирлыг төлүүлэхээр  139 НЭХЭМЖЛЭЛ ШҮҮХЭД гаргасан Ш.ОДОНСҮРЭН: ЖДҮХС зэрэг тусгай сангуудад учирсан хохирлыг төлүүлэхээр 139 НЭХЭМЖЛЭЛ ШҮҮХЭД гаргасан
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Ш.ОДОНСҮРЭН: ЖДҮХС зэрэг тусгай сангуудад учирсан хохирлыг төлүүлэхээр 139 НЭХЭМЖЛЭЛ ШҮҮХЭД гаргасан

2021 оны 6 сарын 02

Arslan.mn

Прокурорын байгууллага төр, нийтийн эрх ашгийг хамгаалах ажлын хүрээнд шүүхэд нэхэмжлэл бичиж, төрд учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх ажиллагаа явуулдаг билээ. 2020 онд бичсэн нэхэмжлэл, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар УЕПГ-ын Шүүхэд төрийг төлөөлөх хэлтсийн Төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах албаны хяналтын прокурор Ш.Одонсүрэнтэй ярилцлаа.

Прокурор төр, нийтийн ашиг сонирхолыг хамгаалах чиглэлээр захиргааны болон иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой байдаг. Өнгөрсөн онд танайхаас төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж хэчнээн нэхэмжлэл шүүхэд гаргасан бэ?

Прокурорын тухай хуульд зааснаар, прокурор нь төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцох, мөн нэхэмжлэл гаргаж болохыг заасан байдаг. Үүний дагуу прокурор төрийн байгууллагын хүсэлтээр болон өөрийн санаачилгаар төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалахаар нэхэмжлэл бичиж захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байна. Прокуророос 2020 онд нийт 613 тэрбум 323 сая 184 мянган 807 төгрөгийн үнийн дүн бүхий 263 маргааны 283 нэхэмжлэл шүүхэд гаргажээ. Үүнээс дийлэнх нь буюу 50.2 хувь нь зээлийн төлбөр гаргуулах тухай нэхэмжлэл байв. Харин 29 хувь нь эрүүгийн хэрэг болон зөрчлийн улмаас төрд учирсан гэм хорын хохирол нөхөн төлүүлэхээр, 8.1 хувь нь төрийн албан хаагчийг ажлаас үндэслэлгүй халснаас төрд учирсан хохирлыг гэм буруутай албан тушаалтнаас гаргуулахаар, 4.6 хувь нь аудитын хяналт шалгалтаар тогтоосон зөрчлийг арилгуулахаар иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэл.

Засгийн газрын тусгай сангуудаас, янз бүрийн төсөл, хөтөлбөрийн хүрээнд олгосон зээлийг иргэн, аж ахуйн нэгж гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй нь төрд болон бусдын зээл авах боломжийг хязгаарлан нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байгаа тул зээлийн төлбөрийг гаргуулахаар прокурор нэхэмжлэл бичиж шийдвэрлүүлж байна. Тухайлбал, Сум хөгжүүлэх сан, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын “хувиараа хөдөлмөр эрхлэгч нөхөрлөл, хоршоо байгуулах иргэнийг дэмжих хөтөлбөрийн санхүүгийн дэмжлэг олгох” хөтөлбөрийн хүрээнд, Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх (ЖДҮХС), Хоршоо дэмжих сан, орон нутгийн хөрөнгөөс олгосон зээлтэй холбоотой маргаанд прокуророос нийт 139 нэхэмжлэл шүүхэд гаргажээ.

Мөн зөрчлийн хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар 30, эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг арилгуулахаар 52 нэхэмжлэл бичсэн байна.

Прокурорын бичсэн нэхэмжлэлийг шүүх хэрхэн шийдвэрлэв. Төрд учирсан хэчнээн хэмжээний хохирлыг нөхөн төлүүлсэн бол?

Иргэний хэргийн анхан шатны шүүх 12 нэхэмжлэлийг бүхэлд нь, зургаан нэхэмжлэлийг хэсэгчлэн хангасан бол зургааг нь хэрэгсэхгүй болгож, гурвыг түдгэлзүүлэн, 104 хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн. Одоо 21-ийг шийдвэрлээгүй байна. Мөн шүүхээс нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шүүгчийн захирамжийн заалтыг хангаагүй, хариуцагчийн хаяг тодорхойгүй зэрэг хуульд заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан 101 тохиолдол гарсан.

Прокурор шүүхэд нэхэмжлэл гаргаснаар нийт 806.4 сая төгрөгийг төрд ашигтайгаар эцэслэн шийдвэрлүүлсэн үр дүнтэй байна. 2020 онд прокурорын байгууллага нэхэмжлэл бичиж, Монгол Улсын Хөгжлийн банкнаас авсан зээлийн төлбөр гаргуулахаар хандсан нэг хэргийг анхан шатны шүүх саяхан хянан хэлэлцээд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг буюу 158 тэрбум төгрөгийг зээлдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Прокурор зээлийн гэрээний маргаанд оролцож болдог юм уу. Хууль зүйн ямар үндэслэл байна вэ?

-Прокурор оролцож байгаа зээлийн маргаан бүхий иргэний хэрэг нь өнгөц харахад иргэн, хуулийн этгээдийн зээл төлөлттэй холбоотой, бид оролцох хэрэгцээ шаардлага байхгүй мэт боловч төрөөс дэмжлэг авч, бага хүүтэй, эхсүл хүүгүй зээл авчихаад гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлдэггүй, төрийн байгууллага араас нь явдаггүй, зарим тохиолдолд араас нь хөөцөлдөх ажилтан хангалтгүй, хууль эрх зүйн мэдлэггүй байдаг зэргээс шалтгаалж зээлээ  төлөхгүй байх нь элбэг. Энд төрийнхөөс гадна нийтийн ашиг сонирхол хөндөгдөж байгаа юм. Хэрэв зээлээ төлбөл хэрэгцээтэй байгаа дараагийн иргэд түүнийг авах боломж бүрдэнэ. Гэтэл зээл төлөгдөөгүй учраас төр хохирохын зэрэгцээ дараагийн хүмүүст буюу нийтийн ашиг сонирхолд хохирол учруулж байгаа тул прокурор хуулиар хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлж оролцон төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж байгаа гэдгийг ойлгох нь зүйтэй. Төрөөс авсан зээл төлөгдөөгүйн улмаас гарч буй нийтлэг зөрчил нь иргэний хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах явдал. Энэ тохиолдолд төрд шууд хохирол учирч байгаа юм. Тиймээс уг зөрчлийг гаргуулахгүйн тулд прокурор зээлийн маргаанд нь оролцохоос өөр аргагүй болдог. Хамгийн гол нь төрөөс авсан зээлээ төлөөгүй тохиолдолд прокурор төрийн байгууллагын хүсэлтээр иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох нь төрийн институтийн хооронд харилцан уялдаатай, төрийг, нийтийг хохиролгүй болгоход ач холбогдолтой. Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ийнхүү төрийг хохиролгүй болгохоор нэхэмжлэл гарган оролцож буй нь шүүхэд нөгөө оролцогчоос давуу эрх эдэлж байгаа асуудал биш гэдгийг ойлгох нь чухал.

Прокурор иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохын ач холбогдол юу юм бол?

-Бидний оролцоо бол төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн аливаа асуудлыг олж харах, ингэхийн тулд төрийн байгууллагатай хамтран ажиллаж дээр хэлснээр төрийн институтийн хооронд харилцан уялдаатай ажиллах явдал. Ингэснээр төр, нийтэд учирсан хохирол мөн, эсэхэд хууль зүйн дүгнэлт хийж, хэрэв эдгээрийн эрх ашиг хөндөгдсөн тохиолдолд шүүхэд хандаж, асуудлыг шийдвэрлүүлэх, улмаар төр, нийтийн ашиг сонирхлыг л хамгаалах чиг үүрэгтэй оролцоно. Хуулийн гол үзэл баримтлалыг төр, нийтэд учирсан аливаа хохирол бүр төлөгдөж байх учиртай, хэрвээ хохирол учирсан бол эрүү, иргэн, захиргааны журмаар асуудлыг шийдвэрлүүлж, эцсийн дүндээ төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол төлөгдсөн байх зорилтын хүрээнд прокурор ажиллах ёстой гэж ойлгож байна. Иймд төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн талаар прокурорын байгууллагад нээлттэй хандаж байх нь чухал. Энэ чиг үүргийг хэрэгжүүлснээр төлүүлсэн хохирол, шийдүүлсэн хэргээс прокурорын байгууллага нэг ч төгрөгийн хувь авдаггүй, авах ч ёсгүй бөгөөд төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирол бүрийг шийдүүлэхээр ажилладаг гэдгийг хэлмээр байна.

Прокурор иргэний болон захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцоход хүндрэлтэй асуудал гардаг уу?

-Шүүх прокурорын нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан шийдвэрүүдийг авч үзвэл зарим талаар хууль хэрэглээтэй холбоотой асуудлууд бий. Захиргааны болон иргэний ямар маргаанд, ямар шалгуураар хэрхэн оролцох талаар хуульд тусгайлсан зохицуулалт нэмж тусгах, эсхүл хэрэг маргаан шийдвэрлэх журмаар хуулийн тайлбар гаргаж практик тогтоох шаардлагатай. Гэхдээ прокурорын байгууллага өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөж байгаа хууль, тогтоомжид заасан эрх, үүргийнхээ хүрээнд иргэний болон захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалан оролцож байна. Прокурорын зүгээс шүүх нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан тохиолдолд тухайн төрийн байгууллагад нэхэмжлэл гаргуулахаар хандах, нэхэмжлэлийн бүрдүүлбэрийг хангах, хариуцагчийн хаягийг тодорхой болгох, нотлох баримтуудыг нэмж бүрдүүлэх зэргээр  хуульд заасан холбогдох арга хэмжээ авдаг. Зарим эрүүгийн хэрэгт төр, нийтийн ашиг сонирхолд учирсан хохирлыг нэхэмжлэх эрх бүхий төрийн байгууллага байхгүй, байсан хэдий ч нэхэмжлэл гаргах сонирхолгүй, төрд учирсан хохирлыг нэхэмжлэх эрх хуулиар олгоогүй, нэхэмжлэл гаргах үүргээ биелүүлдэггүй зэрэг тохиолдол цөөнгүй. Мөн төрийн албан хаагчийг хууль бусаар төрийн албанаас халсан, чөлөөлснийг шүүх тогтоож ажилд нь эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс олгохоор шийдвэрлэсэн тохиолдолд гэм буруутай албан тушаалтан нь тухайн байгууллагын удирдлагад ажиллаж байгаа учраас төрөөс гаргасан мөнгийг төлүүлэхгүй орхих явдал олон. Тиймээс төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр  ажиллах төрийн байгууллага, албан тушаалтан зайлшгүй шаардлагатай. Энэ эрх, үүргийг прокурорын байгууллагад хуулиар олгосон. Дэлхийн олон оронд прокурорын байгууллага нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж ажилладаг тогтолцоо бий.

Энэ онд танай албаныхан юунд анхаарч ажиллаж байна вэ?

-Өмнө нь прокурор зөрчил, эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхэд илүү анхаарч байсан тул төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах ажиллагаа нь харьцангуй шинэлэг харилцаа. Иймд прокурорын хяналтын бүхий л чиг үүргийн хүрээнд болон төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалж, учирсан хохирлыг нөхөн төлүүлсэн байх үүднээс прокурор нэхэмжлэл гаргаж, иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор оролцох хуулийн зохицуулалтыг идэвхтэй байр суурьнаас хэрэгжүүлж, практик тогтоох, прокуроруудын хууль хэрэглэх ур чадварыг илүү сайжруулахын тулд сургалтыг шат дараатай зохион байгуулахад анхаарч байна.

Эх сурвалж: Өнөөдөр сонин. 2021.06.02 №108 /7156/ сэтгүүлч Г.Цолмон

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627448
1 эможи

keyboard_arrow_up