Цар тахал ба хариуцлага-6 Цар тахал ба хариуцлага-6
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

Цар тахал ба хариуцлага-6

2021 оны 6 сарын 04

Arslan.mn

Дэлхий нийтийг цочроосон "COVID-19" хэмээх цар тахал өвчнийг Монголд дарчихсан хэрэг үү гэж асуумаар. Нэг бол мартсан мэт дүр зураг сүүлийн өдрүүдэд ажиглагдах боллоо. Бас л нөгөө гайтай сонгууль гээч нь болох гээд хот, хөдөөгүй нэр дэвшигчдийн сурталчилгаа гэж олныг хамарсан хурал, цуглаан хийж цар тахлын үеийн өндөржүүлсэн бэлэн байдлын журам дэглэм зөрчигдсөөр байна. Юуны өмнө халдвар хамгааллын дэглэмийг баримтлахыг улстөрчид ер хайхрахыг больж. Нэр дэвшигчид дэмжигчидтэйгээ гар барилдаж найрсан тэврэлдэцгээж яваа харагдана.

Аливаад хязгаар зааг тогтоож, цаг зав гаргаж болдог бол энэ цар тахал өвчинд чөлөө олгоно гэж байхгүй л биз. Дөрөв дэх хөл хорио 20 гаруй хоног үргэлжилсний дараа коронагийн халдвар зогссон мэт санасан эрх баригчдын эндүүрлийг гайхмаар байна. Бас л өмнө нь өвөл хөл хорионы дараа гаргасан алдаагаа давтаж хорио, хязгаарлалтыг гэнэт үгүй болгож бүхнийг хэвийн амьдрал руу шилжүүлчихлээ. Тийм болохоор иргэд хааяагүй дур зоргоороо дургиж эхэлсэн.

Гэхдээ иргэдийн хувьд ядаж маскаа зүүж сурчээ. Толгой тархиндаа халдвар хааяагүй гэсэн бодол тээх болсон шиг байгаа юм. Харин цар тахлын тархалт хүчээ авсан энэ хэцүү цаг үед төр, засаг, Улсын онцгой комиссын ажил сонгуулийн хийрхэлд дарагдаад бараг унтарчих шиг болов. Эрх баригчид дэндүү амгалан тайван байна "COVID-19"-ын тархалт нэмэгдээд байгаад ямар дүгнэлт хийж байна вэ гэсэн асуултад УОК-ын дарга, Шадар сайд С.Амарсайхан:

-Зургадугаар сарын 15 гэхэд халдварын тархалт эрс буурнаа. Эрдэмтэд судлаачдын тооцоолол тийм байгаа. Хөл хорио тогтохгүй ээ гэж байх юм. Энэ хариултыг сонсоход нөгөө "Ардын элч" киноны "Ийм явдал болсон нь харамсалтай. Үүнийг магадлая, амгалан тайван байцгаа" гэсэн ноёны үг санаанд орж байна. Эрүүл мэндийн сайд ч бас л энэ үгийг давтана лээ. Гэтэл уг өвчний цагийн байдал ямар байна вэ гэвэл тун хэцүүдээ хүрлээ. Сүүлийн өдрүүдэд хоногт ердөө 6-7 мянган хүнд шинжилгээ хийхэд 600-800 гаруй халдварын тохиолдол илэрч байна. Нас барагсдын тоо ч өссөөр.

Эрүүл мэндийн яамны мэдээллээс харахад зургадугаар сарын 2-ны өдөр гэхэд 7102 хүнээс шинжилгээ авсан байхад 1143 шинэ тохиолдол бүртгэгдлээ гэж байна. Маргааш нь ч адил. Энэ нь шинжилгээ өгсөн 6-7 хүн тутмын нэг халдвартай байна гэсэн үг. Тэгвэл өмнөх сард 20 шахам мянган хүний шинжилгээнээс 1000 гаруй хүний хариу эерэг гарч байсан бол өнөөдөр аюултай өсөлт бий болжээ гэж харагдаж байгаа юм.

Ингэснээр манай улсад коронавирусын халдварын нийт тохиолдол 60 мянга давж нас барагсдын тоо 300-д дөхлөө. Цаашлаад өвчлөгдсдийн 120 гаруй нь маш хүндийн зэрэглэлтэй байгаа гэх. Гэтэл үүнийг хайхарч байгаа төр, засаг, улстөрч гэж алга гэмээр байна. Цар тахал яанаа гэхийн оронд Ерөнхийлөгчийн сонгууль л ярих юм. УИХ-ынхан өөрсөддөө чөлөө өгч хурлын танхимаа хаачихаад сонгуулийн сурталчилгаа хийж улстөржөөд завгүй бололтойдог.

Өвчний аюул даамжирлаа. Дахиад хөл хорио тогтооход хүрч мэдэх нь гэж эмч, мэргэжилтнүүд, судлаачид хэлээд байгаа. Түүнийг нь эрх баригчид тоохгүй нэг чихээрээ оруулж нөгөө чихээрээ гаргачаад байна. Шинэ Ерөнхийлөгчтэй болно гэснээс өөр бодол тэдэнд алга шиг. Сонгууль өнгөртөл дүлийн дүмбэ маягтай байхаар шийдсэн юм уу. Энэ нь улстөрчдөд өөрсдийнх нь эрх ашиг нэгдүгээрт байдгийн илэрхийлэл юм. Басхүү халдвар хамгааллын дэглэмийг баримтал, хүнтэй гар барьж болохгүй, нэг дор 30-аас илүү хүн цугларах, хичээл сургалт хийхгүй тухай журам гаргаж ард иргэдийг мөрд, хэрэгжүүл гэж шаарддаг. Гэтэл тэрнийгээ өөрсдөө зөрчөөд яваа эрх баригчдыг ер нь юу гэмээр ч юм бэ мэдэхгүй. Үлгэр манлайллаа огт мартаж.

Сонгууль гэж хийрхсээр байгаад цар тахлын тархалтыг улам даамжруулж сүүлд нь хэзээ ч барьж тогтоож дийлэхгүйд хүрэх юм бол яг өнөөгийн байдлаар буруутан нь ард иргэд биш эрх баригчид болж таарна. Тэр үедээ та минь одоо дахиад хөл хорио тогтооно шүү гэх юм бол олон түмэн төр, засгийнхнаас та нарын алдаанаас болж иймд хүрсэн гэж "ял" асууж магадгүй. "Ковидгүй зун" гэж сайхан уриа хэлж, вакциндаа гэж уриалсан. Бас Ардын хувьсгалын 100 жилийн ойгоо өргөн дэлгэр тэмдэглэнэ. Үзэгчтэй сайхан наадам хийнэ гэсэн үгс ард олныг тайвшруулсан биз. Тэгвэл өнөө цагийн байдлаас харахад тэр бүхэн хий хоосон мөрөөдөл болж магадгүйнээ гэсэн бодол төрж байна шүү. Ноднин коронавирусын халдварыг дотооддоо алдаагүй байхад л ихэд сүржигнээд наадмыг олны хөлөөс зугтаалгаж хөдөө хээр хийж байсан даа. Тэр цаг үе одоогийнхтой харьцуулбал амар тайван гэхээр байж дээ бодоход.

Үүний дараа намрын найр хурим, назгайрал, орон нутгийн сонгууль гэж олноороо түжигнэж холилдоод үр дүн нь сүүлдээ цар тахлын хаалгыг нээгээд өгсөн. Тэгвэл одоо Ерөнхийлөгчийн сонгууль гэснээс өөрийг бодохгүй байсаар өмнөх гашуун үнэнийг давтаж магадгүй л болчихлоо. Одоо байдал ямар байгааг хар л даа. Хаа сайгүй сонгуулийн ажил гэж бужигнаад л... Хүн олноор цуглардаг томоохон зах, дэлгүүр худалдааны газарт халдвар хамгааллын дэглэм журмыг сахиж байгаа ч юм алга. Юун зай барих. Автобус унаанд ч адилхан чихцэлдэж шамбааралдаад л байна. Нэгэнт л Засгийн газар, УОК-оос хэвийн ажилла гээд эрхийг нь олгочихсон болохоор яалтай ч билээ.

Сая эх үрсийн баярыг тэмдэглэхгүй шүү гээд байсан ч байдал шал өөрөөр эргэв. Энд тэндгүй бөөгнөрөл үүсэв. Зургадугаар сарын 1-ний өдөр Монголын үрс маш олон болтугай, хүн ам өсч байгаагийн илэрхийлэл гэж харагдах нэгэн дүр зургийг Сүхбаатарын талбайд харав. Уг нь ингэх нь өндөржүүлсэн бэлэн байдалтай байгаа үед буруу л байсан байх. "Эхийн алдар" одон хүртсэн бүсгүйчүүд төрийн ордноос гарч ирэхэд ах дүүс, амраг садан, үр хүүхдүүд нь бөөн бөөнөөрөө хошуурч угтах юм. Бөөн тэврэлдээн, үнсэлцээн. Хүний амьдралд тохиолдох ховорхон баярт мөч юм болохоор тэгэхээс аргагүй л болов уу. Сүхбаатарын талбай хүн, хүүхдээр бараг л дүүрсэн. Масктай, маскгүй баярлалдаад л... Өлгийтэй хийгээд балчирхан үрсээ тэвэрсэн хүн ч зөндөө. Энэ бүхнийг хараад цар тахлаар өвчлөгсдийн дотор 10-аад мянган хүүхэд бий гэсэн мэдээ бий. Тэгвэл энэ баярын өдрүүдээд тэр тоо хэр өсөх бол гэхээс сэтгэл өвдөж байлаа. Хүүхдүүд чинь вакцинд огт хамрагдаагүй байгаа шүү дээ. Ингэхээр чи ер нь юу хэлэх гээд байна вэ гэвэл хэцүү цагт тэр олон эхчүүдэд одонг нь заавал Төрийн ордонд гардуулах ямар шаардлага байв. Уг нь дүүрэг, хороо, албан байгууллага руу нь одонг хүргүүлчихсэн байхад эхчүүд цомхон хүрээнд албан байгууллага, хамт олныхоо дунд одонгоо зүүлгээд баярлачих боломж бий шиг санагдана.

Иймэрхүү жишээ татснаар Монгол Улсад цар тахалтай тэмцэхэд зохих үр дүн олж ирснийг үгүйсгэх гэсэнгүй. Харин тэр амжилтдаа эрдэж гэхээр ч юм уу сонгуулийн дуулианд авах арга хэмжээ, хийх тэмцлээ сулруулснаас уг өвчний тархалтыг нэмэгдүүлж байгааг л алдаа гэж хараад байна л даа. Даангүй эрх баригчдын амнаас өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллая энэ тэр гэсэн үг унахыг бүр больжээ. Сонгууль өнгөртөл чимээгүй гэсэн команд авсан мэт л байх шиг. Бас сая гаруй хүн вакциндаа хамрагдсан гэх ч вакцин хийлгэсэн олон зуун хүн халдвар авсан байгаа гэж сурталчлаад байх юм.

Тэгээд сонгуулийн маргаашнаас гэнэт сэрсэн юм шиг одоо хөл хорио тогтоохоос аргагүй нь гэх юм бол ард иргэд төр, засгийн эрхмүүд та бүхнээс болсон шүү гэвэл тэд ер нь юу хэлэх бол. Ёстой л зуд ирвэл... юу гэдэг билээ тэр л болно байх.

Нөгөө талаас "COVID-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ зохион байгуулах, хяналт тавих чиг үүрэг бүхий албан хаагчдын дөжирсөн назгайдуу байдал халдвар тархахад нөлөөлж байгаа нь үнэн. Бүх салбар, байгууллагын үйл ажиллагаа бас хот хоорондын хөдөлгөөнийг зөвшөөрсөн. Энэ сар гармагц хилээ нээсэн гээд амьдралд саадтай хориотой юм үлдсэнгүй. Хожим нь болохоо байлаа гээд бүгдийг буцаагаад хязгаарлалтад оруулна гэдэг ч амаргүй л ажил.

Бичигч бивээр сая сум руугаа зорчоод ирсэн. Замд шалгаж л байна. Гэхдээ нэг л өнгөцхөн. Улаанбаатараас гарах, сум руу очиход пост ажиллаж байнаа. Харин ямар хэргээр, хэдүүлээ явна, вакцинд бүрэн хамрагдсан уу гэж асуувч үнэмлэх бичиг, вакцин хийлгэсэн гэрчилгээг мөн бишийг нарийн үзэхгүй л байналээ. Гэрчилгээ гээд цагаан цаас харуулсан ч "яв, яв" гэх янзтай. Хяналт шалгалт ийм байхаар өвчин тархахаас ч яахав. Бүх аймагт өвчний тохиолдол гарсан. Гарсаар байгаа. Бас зуд зурхан гээд байгалийн гамшигт сөхөрсөн хөдөөгийнхөн сонгууль монгуультай манатай л байх юм. Гэтэл нэр дэвшигчид онгоц хөлөглөн очиж элдэв уриа лоозон хашгирч, ухуулж сэнхрүүлсээр л байна. Үүнийгээ төрийн хойшлуулшгүй ажил гэж тайлбарладаг.

Үнэндээ бол цагийн байдал юуны улс төр цахим наадам ч цаашаа гэхээр л байна. Эцэст нь хэлэхэд цар тахлын хэцүү үед нэг иргэн, хэсэг хүн алдаа гаргаж болох ч төр, засаг, эрх баригчид огт хийгүй ажилламаар даа. Гэтэл тэгж чадахгүй байгааг онцлох гэсэн юм. Нэг үнэнийг хэлэхэд хариуцлагагүйн халдвар л цар тахлын халдвартай яг зэрэгцчихээд байна л даа. Төр, засгийнхан хариуцлагагүй хандлагатай байхад жирийн иргэн Балдан гуайг та хариуцлагатай бай гэж хэчнээн хэлээд нэмэргүй дээ. Нэмэргүй.

 

Д.Цэрэннадмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
627499
0 эможи

keyboard_arrow_up