Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр тохиож байна
НҮБ-ын Ерөнхий Ассемблейгээс жил бүрийн 6-р сарын 7-ныг “Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөр” болгосонтой холбогдуулан “Аюулгүй хүнс, эрүүл ирээдүй” сэдэвт хэвлэлийн хурал зохион байгууллаа. Хэвлэлийн хуралд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Худалдаа нийтийн хоолны хэлтсийн дарга О.Онон, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын газрын дарга Т.Балжинням, Эрүүл мэндийн яамны Нийтийн эрүүл мэндийн тусламжийн бодлого, хэрэгжилтийг зохицуулах газрын мэргэжилтэн Л.Пүрэвдулам, НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Шадар суурин төлөөлөгч Г.Нямжаргал, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эрдэм шинжилгээний ажилтан З.Цолмон нар оролцлоо.
Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт гол нэрийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр хангах, ингэхдээ хүнсний сүлжээнд зохистой дадал, угтвар нөхцөл, удирдлагын тогтолцооны стандартыг хэвшүүлж, хүнсний баталгаажуулалтын чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхээр заасан. Энэ чиглэлээр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас тодорхой төлөвлөгөөт ажлуудыг зохион байгуулж байна. Мөн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах, сайжруулахтай холбоотой томоохон зорилт бол цахим хөдөө аж ахуй юм. Цахим хөдөө аж ахуйг нэвтрүүлснээр хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангахад чухал үр дүн үзүүлнэ.
Дэлхийн хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлын өдөртэй холбогдуулан манай улс 2019 оноос хойш 3 дахь жилдээ хэвлэлийн хурал зохион байгуулж байна. Энэ жилийн хувьд хоол хүнснээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл хийлээ. Нян бактери, вирус, шимэгч, химийн бодисоор бохирлогдсон хоол хүнснээс шалтгаалж, жилд дэлхий даяар 600 сая гаруй хүн өвчилж, 420 гаруй мянган хүн нас бардаг. Тиймээс хоол хүнсээр дамжих өвчнөөс урьдчилан сэргийлэх 5 түлхүүр зарчмыг ДЭМБ-аас гаргасан байдаг.
- Цэвэр байлга-хоол хүнс бэлдэх гадаргууг цэвэр байлгаж, гарын ариун цэврийг сахих
- Бэлэн бүтээгдэхүүнийг бэлтгэх, хадгалахдаа түүхий хүнсний бүтээгдэхүүнээс тусгаарлах
- Хоол хүнсийг зохих температурт хадгалах
- Хоол хүнсийг гүйцэд чанаж болгох
- Аюулгүй ундны ус, хүнсний түүхий эд бүтээгдэхүүнийг сонгож хэрэглэх
Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хүнсний аюулгүй байдлын чиглэлээр 160 мянган иргэн, аж ахуйн нэгжид хяналт шалгалт хийж байгаагийн зэрэгцээ цахим хяналтыг нэвтрүүлэн ажиллаж байгаа юм байна. Энэ ажлын хүрээнд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Мал эмнэлгийн ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран БНХАУ руу мах, махан бүтээгдэхүүн экспортолдог 4 аж ахуйн нэгжид цахим хяналт шалгалтыг хийж байна.