Нэг өдрийн дотор хоёр гэр бүлийн НАЙМАН ХҮН угаартаж амиа алдлаа
Баянзүрх дүүргийн 24-р хороонд энэ сарын 15-16-нд шилжих шөнө нэг гэр бүлийн дөрвөн хүн угаартаж амиа алджээ. Тодруулбал, өчигдөр өглөөний 09 цагийн орчимд цагдаагийн байгууллагад нэг гэр бүлийн хүмүүс нас барсан гэх дуудлага ирсэн байна. Дуудлагын дагуу очиход 69 настай эрэгтэй Н, 67 настай эмэгтэй Н, 10 настай эмэгтэй М, 7 настай эмэгтэй С нар ил харагдах гэмтэл, шархгүй угаарсан байдалтай амиа алдсан байна.
Цагдаагийн албан хаагчид хэргийн газраас эд мөрийн баримтаар зуухнаас дутуу шатсан нүүрсний үнс, сайжруулсан сайн түлшнээс дээж авчээ.
Мөн өчигдөр орой Баянзүрх дүүргийн 19-р хороонд дахин нэг гэр бүлийн хүмүүс угаартаж амиа алдлаа. Тодруулбал, 26 настай эмэгтэй У, 8 настай эмэгтэй М, 4 настай эмэгтэй М, 1 ой 7 сартай эмэгтэй М нарын дөрвөн хүн амиа алджээ.
Эх сурвалжийн мэдээллээр тэд бүгд монгол гэрт амьдардаг байсан бөгөөд төслийн зуухтай, зуухнаас яндангаа сугалж авсан, угаар мэдрэгчгүй байсан аж. Хэргийг Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байна.
Эх сурвалж: tac.mn
|