НААДАМЛАХ УУ, БОЛИХ УУ? НААДАМЛАХ УУ, БОЛИХ УУ?
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 23, Даваа
Өнөөдөр

Arslan.mn

НААДАМЛАХ УУ, БОЛИХ УУ?

2021 оны 6 сарын 23

Arslan.mn

Энэ цаг үед Монгол Улс яг л ийм асуултыг өмнө зогсож байна. Уг  нь улс орны маань түүхийн нэгэн том үеийг туулж Ардын хувьсгалын  100 жилийн ой тохиож байгаа юмсан. Гэтэл дэлхийг чичрээж байгаа цар тахал өвчин  манайхыг нөмөрч тун хэцүүтэй  тулгарчихаад байна.Хоногтоо "COVID-19”-ын халдвар авсан хүн  2400-2700 -д хэлбэлзэж нас барагсдын  тоо хоёр оронтойгоор тэмдэглэгдэх болов.

Энэ тахал өвчин жаахан намжих үе бий л дээ. Гэтэл  хэд хэдэн удаагийн хөл хорионы дараа Ерөнхиййлөгчийн сонгууль гэж нэг хэсэг бужигнуулав. Одон медалийн шагнал гэж олон өдөр холилдуулав даа.

Тэдгээрийг дагалдсан  хөөр хөгсөөн  найр нэмэгдэж  өвчний халдвар тараах нөхцөлтэй үйл явц олширсон. Эндээс л хот хөдөөгүй гайтай өвчин улам дэлгэрсэн гэдгийг олон хүн хэлж байгаа.

Гэтэл Засгийн газраас  бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдалд  байгаа гэсэн нэрийн дор саяхан улсын баяр наадмыг  цахимаар үзэгчгүй зохион байгуулна  гээд  аймаг, сумдын наадмыг хориглолоо гэсэн шийдвэр гарсан юм.

Уг шийдвэр нэлээд маргаан дагуулж байна Зарим нь  цахим наадмаар ч яадаг юм.Нэг бол цуцлаач. Тэр наадамд зарцуулах олон тэрбум төгрөгөө  цар тахлын эсрэг улаан гараараа тэмцэж байгаа  эрүүл мэндийнхэн болоод өвчлөгсдөд  зориул гэх. Нөгөө хэсэг нь  дахиад тохиолдохгүй 100  жилийн ойг цуцалж болохгүй, цахимдаж ор нэр болгоод ч хэрэггүй хойшуулах нь зөв гэцгээж байна. Үнэндээ наадам чухал уу, хүний амь нас чухал уу  гэсэн асуудлын өмнө бөхөлзөж  байна л даа.

Яатугай ч наадам хэзээ болохыг товлох гол юм биш хэдийд ч бай хэрхэн наадахаа  хэлцэж байхад буруудахгүй биз ээ. Ингээд  наадмынхаа бөхийн тухай жаахан ярья. Яагаад гэхээр наадам боллоо гэхэд бөхийн барилдаан ямар болохыг хэлэхэд  тун ярвигтай байгаа шүү дээ.

БӨХИЙН ХОЛБООНЫ АЖИЛ СЭРГЭМ ЯНЗТАЙ

Монголын үндэсний бөхийн холбоо  өнгөрсөн сард  өчнөөн жилээр дуншаад  байсан "Их эе" ээ хуралдуулж  гол үр дүн нь холбооны тэргүүнээ сонгоод авсан. Холбоо жинхэнэ эзэнтэй  болсон гэсэн үг л дээ. Дээр нь цэцдийн зөвлөлөө байгуулж  холбооны дүрэм журмаа  шинэчилж эхэлсэн. Баяр наадмын хуульд  оруулах  нэмэлт өөрчлөлтийн саналаа нэгтгэж  Улсын их хурал болон наадам зохион байгуулах  хороонд хүргүүлсэн бий. Уг өргөн барьсан саналаар бол бөхийн  цол  олгоход зарим өөрчлөлт оруулсан байгаа.

Тухайлбал, улсын баяр наадамд  1024 бөх барилдсан тохиолдолд улсын арслан цолтон үзүүрлэбэл аварга, Харин  арслан цолтон түрүүлбэл бас аварга цолтой бөх үзүүрлэсэн нөхцөлд даян аварга цол олгоно гэжээ. Мөн улсын аварга, даян аварга цолтнуудыг эрэмблэхдээ уг цол хүртсэн он дарааллыг баримтлана гэсэн байна.

Мөн бөх допинг хэрэглэсэн нь тогтоогдвол  тухайн баяр наадмаар олгосон цол, байрыг хүчингүй болгож   аль ч шатны  барилдаанд барилдах эрхийг дөрвөн жилээ хасна тэр бөхөд унасан  бөхчүүдэд цол чимгийг нөхөн олгохоор заажээ. Бас нэг тодорхой заалт байгаа нь наадамд амжилт гаргасан бөхийн цолыг  нэг бол допингийн шинжилгээний хариу гарсны дараа олгож байхаар төслийн саналд тусгажээ. Уг хуулийн өөрчлөлтийг Улсын их хурал наадмаас өмнө буюу хаврын чуулганы хугацаандаа  хэлэлцэж батална гэсэн мэдээ бий.

Ер нь улсын заан Ц.Магалжав тэргүүнтэй МҮБХ допингийн асуудалд нэлээд хатуухан байр суурьтай хандахаа илэрхийлээд байгаа юм. Холбооны цэцдийн бүрэлдэхүүндээ шинэчлэл хийсний дараа  бөхчүүдийнхээ шударга өрсөлдөөнийг бүх талаар дэмжиж  допингийн асуудалтай  хатуухан тэмцэхээ  мэдэгдэж цаашид ёс бус үйлдэл бүртэй эрсхэн тэмцэж шударгаар барилддаг бөхчүүдийнхээ эрх ашгийг  чанд хамгаалж  ажиллахаар  зоригтой  алхам хийж  байгаа юм. Улсын цолтой нэр бүхий бөхчүүдээс холбооныхоо нэр дээр ирүүлсэн "Допинггүй наадам-Монгол бөх” уриалгад үндэслэн  Улсыг баяр наадмаас өмнө нэр бүхий 40 бөхөөс допингийн шинжилгээ авч  хариуг  17 хоногт багтаан ирүүлэх боломж  байна уу гэсэн хүсэлтээ Монголын допингийн эсрэг үндэснийй  төвд өгсөн бий. Гагцхүү уг хүсэлтэд  хариу ирүүлээгүй байгаа. Бас  өнгөрсөн жилийн наадмын дараа  допинг хэрэглэсэн нь илэрсэн Н.Батсуурь, Р.Пүрэвдагва, Б.Бат-Орших нарт ердөө 11-хэн сараар барилдах эрхийг нь хасах шийтгэл  ногдуулсныг  МҮБХ –ны зүгээс эсэргүүцэж  ийм ая тал харсан мэт  шийдвэрээ цуцлахыг шаардаж тэдгээр бөхчүүдийг наадам барилдуулах боломжгүй гэж мэдэгдээд байгаа. Тэдэнд оноох шийтгэл наад зах нь барилдах эрхийг нь хоёр жилээс доошгүйгээр  хасах ёстой гэж үзжээ. Мөн улсын арслан Э.Оюунболдын талаар гаргасан шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлээгүй нөхцөлд  наадамд барилдуулах боломжгүй гэжээ.

Энэ нь зөвхөн МҮБХ-ны бодлого биш  шударгыг эрхэмлэдэг олон бөх ийм саналтай байдаг юм билээ.Энэ талаар аварга Ч.Санжаадамбын цэцдийн зөвлөлийн хурал дээр хэлсэн үг  их анхаарал татаж байна. Тэр хэлэхдээ

-Багш дасгалжуулагчид  шавь нартаа  допингийн хор хөнөөлийг сайн хэлж ойлгуулж байх ёстой.Допингоос болж олон хүн эрүүл мэнд, эрх ашгаа хохироож  цаашлаад үр удмаа балладаг гэдэг. Энэ үгийг хэлэхдээ би зөвхөн өөрийнхөө эрх ашгийн  төлөө ярьж байгаа юм биш. Нийт бөхчүүддээ анхааруулга болгож байна. Ардын хувьсгалын 100 жилийн ойн наадмаар бөх бүрийг зодоглоно гэж олон түмэн харж байгаа байх л даа.  Миний хувьд шударга  шийдвэрүүд гаргавал барилдана аа. Харин допингийн асуудалд хайнга хандах юмуу  тэр допингтой холбогдсон  бөхчүүд барилдахад хүрвэл над мэтийн  барилдахгүй гэсэн хүн олон байгаа шүү гэсэн юм.  Урьд нь допингийн шийтгэлтэй бөхчүүд  Бөхийн өргөөнд болсон нэг барилдаанд  зодоглох гэсэн үед  олон бөх дургүйцлээ илэрхийлж барилдааныг бүтэн цагаар саатуулж байсан  даа. Тэгвэл наадмаар ийм явдал давтагдаж магадгүйг ганц Ч.Санжаадамба аварга биш олон хүн хэлдэг юм билээ. Өмнөх жилийн түрүү бөх Э.Оюунболдын барилдах эрх сэргээгдсэн ч  аварга цолыг хураах шүүхийн шийдвэр хэрэгжээгүй л байгаа. Тэгэхээр Э.Оюунболд   аварга гэж дуудуулаад  гарч ирвэл наадмын бөхөд бас нэг садаа тохиолдож мэднээ. МҮБХ  шүүхийн шийдвэрийг бүрэн албажуулж хураах цол байвал хурааж, нөхөн олгох ёстойг нь  олгох тухайд мөн дээээ саналаа хүргүүлсэн байдаг юм.

Мөн Авлигатай тэмцэх газраас хийсэн мэдээллийг үндэслэн  допингийн асуудалд нэр холбогдсон гэх З8 бөхийн нэрийг манайд өгнө үү гэсэн хүсэлтийг МҮБХ гаргасан удаа бий. Бас хариу өгөөгүй ээ. 

Энэ мэтээр мэргэжлийн газруудынхаа гаргасан санал  хүсэлтийг  дээд байгуулагууд нь анзаарч үздэггүй  нэг муу зуршил тогтжээ гэж болно:.. Тиймээс олон жил үргэлжилсэн  талцал, маргаанаа сая нэг юм эцэслэж МҮБХ бүтэц бүрэлдэхүүнээрээ гайгүй ажилах эхлэлтэй байхад  дээд байгуулагууд нь дэмжиж ажиллах нь тун чухал байна шүү. Энэ бүхнээс үүдээд хэлэхэд  шинэчилэгдсэн МҮБХ-ноос гаргаж байгаа санал санаачилгыг дэмжиж даруйхан ажил хэрэг болгоогүй нөхцөлд улсын баяр наадмын  бөх маргаангүй сайхан болно гэж үгүй л байх гэсэн бодол байх юм.

Наадам хэзээ болохыг таашгүй ээ. Гагцхүү болсон цагт нь  бөхөө хэрхэн барилдуулах вэ гэдгийг  л чухалчилж   байна л даа. Засгийн газрын хувьд   олон түмний дунд яригдаж байгаа санал бодолд түшиглэн нэгийг хэлэх л үлдлээ. Баяр наадмын нээлтийг бүр гурван найруулагч найруулах юм гэсэн. Тэгвэл арван найруулагчтай байгаад ч цаг хугацааг наашлуулж бас чанартай юм хийнэ гэдэг юу л бол. Ер нь манай Монголд  алив асуудлыг авч үзэх гэж  их янцаглаж, хуралдсаар байгаад цаг алддаг тэгээд бодит байдалдаа нийцсэн, амьдралын хөрсөн дээр буухуйц зөв шийдвэр гаргахдаа тааруу нь энэ наадамлах уу болих уу гэсэн асуудал дээр харагдаж байна.

Улсын Онцгой комиссын дарга, Шадар сайд  С.Амарсайхан  өмнө гаргасан  цахимаар наадья гэсэн шийдвэрийг  иргэдийн зарим хэсэг таагүйхэн хүлээн авч байгаад ундууцах янзтайгаар   тэгвэл наадмаа цуцалсан ч яадаг юм гэсэн байна лээ. Аливааг цуцлах болих гэдэг амархан ч  Монголын маань түүхэнд ганцхан тохиолдох  зуун жилийнхээ ойг  огтоос хийхгүй   гэх ч юу юм бэ. Харин тодорхой хугацаагаар хойшлуулаад “Ковид” хэмээх  балагт өвчин  цаашаа болсон үед сэтгэлдээ сэвгүй сайхан наадаж болно шүүдээ. Эрүүл явбал улсын наадам үзнэ гэсэн сайхан үг ч бий. Дэлхийн спортын хамгийн том баяр-Олимпийн наадам хүртэл бүтэн жилээр хойшлоод  одоо л нэг юм  болох нь. Нэр нь хүртэл “Токио-2020” хэвээр хэрэглэгдэж  буй билээ. Тиймээс ард иргэдийн дийлэнх нь наадмаа хойшлуулчихаас ай гэсэн бодолтой байх шиг байна. МҮБХ саяхан Монголын харваачид болон Морин спорт, уяачдын холбоотой хамтарч  аймаг сумын наадмыг  Улсын баяр наадамтай  зэрэг хийвэл  зохистой, тэгээгүй нөхцөлд ганцхан наадамт хэт бөөгнөрөл  үусэх магадлалтай байна гэсэн саналаа  Засгийн газарт саяхан хүргүүлээд байгаа юм. Энэ ч бас нэг л санаа шүү.

 

Д.Цэрэннадмид

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
628098
0 эможи

keyboard_arrow_up