12-15 настай хүүхдүүдийг маргаашнаас вакцинжуулна
Covid-19-ийн халдварын тархалт өдгөө вакцинжуулалтад хамрагдаагүй бүлгийг хамрах нь идэвхтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас мэдээлж буй. Тиймээс зургадугаар сарын 28-наас 12-15 настай хүүхдүүдийг сайн дурын үндсэн дээр Covid-19-ийн эсрэг вакцинаар дархлаажуулж эхлэх юм.
Тодруулбал, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын зөвлөмжинд үндэслэн 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэж дүгнэжээ. Энэ дагуу маргаашнаас зорилтот насны хүүхдүүдийг вакцинжуулах аж.
Монгол Улсад 12-17 насны 290 орчим мянган хүүхэд байдаг. Эмийн хатуу зохицуулалттай улсууд 12-15 насны хүүхдүүдээ "Файзер" вакцинд хамруулж эхэлсэн. Монгол Улс тодорхой судалгаа хийж, 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэсэн үйлдвэрлэгч компанийн зөвлөмжийг хүлээн авсан гэж УОК-ын шуурхай штабаас мэдээллээ.
Харин өнөөдөр буюу зургадугаар сарын 27-ны Ням гарагт Covid-19 халдварын эсрэг дархлаажуулалтын цэгүүд ажиллахгүй гэж Нийслэлийн онцгой комиссоос мэдэгдсэн юм. Харин маргаашнаас дархлаажуулалтын цэгүүд төлөвлөлтийн дагуу ажиллана.
Нийслэлийн хэмжээнд өчигдөр /2021.6.26/
- Нэгдүгээр тунд 844,
- Хоёрдугаар тунд 807, нийт 1651 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн 18-аас дээш насны иргэдийн
- 982894 нь нэгдүгээр тунд,
- 91.1 хувь буюу 868360 нь хоёрдугаар тунд хамрагдаад байна. Мөн нийт 1646 (13.8 хувь) жирэмсэн эх, 16-17 насны 10691 (31.5 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтад хамрагдаж, вакцины нэгдүгээр тунг хийлгээжээ.