Э.Энхбат начны ээж болон гурван хүүхдийг БНСУ руу явуулахаар болжээ
БНСУ-д эмчлүүлж буй Э.Энхбат начин ухаан орсон ч хөл, гараа санаснаараа хөдөлгөж чадахгүй, хэвтэрт байгаа талаар өмнө бид мэдээлсэн. Харин түүнийг эхнэр нь сахиж байгаа юм.
Тэгвэл удахгүй Э.Энхбат начны ээж болон хүүхүүдийг нь БНСУ руу явуулахаар болжээ. Энэ талаар талаар УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ өөрийн цахим хуудаснаа мэдээлжээ.
Тэрбээр “Долдугаар сар. Монгол хүн бүр морь, бөхөө шинжиж, сур шагай нааддаг дэлгэр сайхан сар байдагсан. Энэ жилийн хувьд цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан баяр наадам зохион байгуулахгүй байх шийдвэрийг Засгийн газар гаргалаа.
Наадмын тухай бодохтой зэрэгцэн Э.Энхбат начнаа эдгэрч, эрүүл болж ирээд нутгийн зон олноо, Монгол түмнээ баярлуулаасай гэж хүлээж сууна.
Тэнхлүүн явахад тэмээгээр тусалснаас тэвдэж явахад тэвнээр тусал гэж ардын сайхан үг бий. Начныхаа эмчилгээний зардалд дэм үзүүлсэн, өнөөдөр ээж болон гурван хүүхдийг нь БНСУ руу явуулах асуудлыг шийдвэрлэлээ.
Энэ зураг аймаг байгуулагдсаны түүхт 80 жилийн ойн баяраар түрүүлэхэд нь утсаараа дарсан зураг. Тэр үед нутгийн хүү түрүүллээ гээд үнэхээр их баярлаж байлаа. Одоо эдгэрээд эх орондоо ирчихвэл үүнээс илүү баярлана. Монгол бөхийн босоо цагаан хийморь, нутгийн минь уул ус ивээг” гэжээ.
Хэргийг эргэн сануулбал, Монгол улсын хөдөлмөрийн баатар, олимпын алт, мөнгөн медальт тамирчин Н.Түвшинбаяр Улсын өсөх идэр начин Э.Энхбатын биед ноцтой гэмтэл учруулсан хэрэг өнгөрсөн сард болсон. Тэгвэл начны биеийн байдал сайжрахгүй байсаар БНСУ-руу гэр бүлийнхэн нь эмчлүүлэхээр явуулсан билээ.