Хүний эрхээр “бамбай” хийхгүй байхыг хуулиар зохицуулж өглөө
Хүний эрх гэдэг бол амьдралын наад захын баталгаа. Нийгэмдээ амьдрах боломж нөхцөлийг хүний эрх гэж ойлгож болно. Гэвч энэхүү боломж нөхцөл алдагдсанаар хүний эрхийн зөрчил үүсч байдаг. Хүний эрхийн түгээмэл тунхаглалын нэгдүгээр зүйлд “Хүн бүр төрөхөөсөө эрх чөлөөтэй, нэр төр, эрхийнхээ хувьд адил тэгш байна. Тэдэнд оюун ухаан, өрлөг сэтгэл заяасан бөгөөд өөр хоорондоо ахан дүүгийн ёсоор харилцах ёстой” гэж заасан нь бий. Гэтэл хүмүүс ихэнхдээ амьд явах, эрүүл, аюулгүй орчинд амьдрах, хөдөлмөрлөх зэрэг түгээмэл эрхийг л мэддэг. Үнэндээ эдгээрээс гадна маш олон эрхийг хуулиар баталгаажуулсан.
Өнөөдөр дэлхийн бүхий л улс орнууд Үндсэн хууль, дотоодын хууль тогтоомжоороо хүний эрхийг хуульчлан баталгаажуулсан.
1992 онд батлагдсан Үндсэн хуулийн хоёрдугаар бүлэгт Хүний үндсэн эрх, эрх чөлөөг баталгаажуулсан. Мөн УИХ-аас баталсан олон хууль тогтоомжид хүний эрх, эрх чөлөөг хуульчилж, хүний эрхийн олон талт олон улсын гэрээнд Монгол Улс нэгдэн орж дотоодын хууль тогтоомжийнхоо нэгэн адил дагаж мөрдөх үүрэг хүлээсэн.
Хамгийн сүүлд Монгол Улсын Их Хурлаас 2021 оны дөрөдүгээр сарын 02-ны өдөр Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан юм. Ингэснээр Монгол Улс Ази тивд анх удаа хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдвөл хэрхэн хамгаалах талаар эрх зүйн зохицуулалттай улс болон бусдыг түүчээллээ. Энэхүү хуулийн төслийг баталснаар хүний эрхийн хамгаалагч, түүний үйл ажиллагааг тодорхойлох, иргэний нийгмийг дэмжих, хараат бус ажиллах, эрх мэдлийн хувьд гадуурхагдсан этгээдийг хамгаалж, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлдэг хүний эрхийн түгээмэл соёл төлөвших нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж буй юм. Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуульд томоохон хоёр өөрчлөлтийг суулгаж өгсөн юм.
Нэгдүгээрт, Хүний эрх хамгаалагч гэж хэн болохыг тодорхойлсон. Хоёрдугаарт, хүний эрх хамгаалагч нь хүний эрх, эрх чөлөө, бусдын нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаах болон хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг хувийн ашиг сонирхолд ашиглахыг хориглосон зохицуулалтыг тусгалаа.
ХҮНИЙ ЭРХИЙГ ХАМГААЛАГЧ ГЭЖ ХЭН БЭ ГЭДГИЙГ ХУУЛИАР ТОДОРХОЙЛЖ ӨГӨВ
Хуульд тусгаснаар ганцаараа, эсвэл бусадтай эвлэлдэн нэгдэж, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулж байгаа, түүнд оролцож байгаа хүнийг Хүний эрх хамгаалагч гэж тодорхойлсон бөгөөд хүний эрх, эрх чөлөөг хөхиүлэн дэмжиж, хүний эрх, эрх чөлөөг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүйн эсрэг хүчирхийллийн бус, тайван аргаар үзэл бодлоо илэрхийлж, олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг хүндэтгэж, аливаа хэлбэрээр хүний эрхийг хамгаалахыг “хүний эрх хамгаалах үйл ажиллагаа” гэж тодорхойлсон.
ХҮНИЙ ЭРХЭЭР ДАЛИМДУУЛЖ “ШАНТААЖ” ХИЙЖ БАЙГААГ ЭСЭХИЙГ ХЯНАНА
Хүний эрх хамгаалагч нь хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааг ашиглан бусдыг шантаажилдаг, хувийн явцуу эрх ашгаар хандвал энэ хууль сайн үр дагавар авчрахгүй. Тиймээс тухайн хүн нь хүний эрх хамгаалагч мөн эсэх, хүний эрх хамгаалах үйл ажиллагаа явуулснаас шалтгаалан эрх зөрчигдсөн эсэхийг шийддэг, зөрчигдсөн эрхийг нь хамгаалах үйл ажиллагаа явуулдаг Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулах зохицуулалтыг хуулиар бий болголоо. Тус хороонд хүний эрхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагуудын төлөөлөл давамгайлсан байхаар хуульчилжээ.
Хороо нь хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах, хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн үнэлгээнд үндэслэн гаргасан дүгнэлтийг Комисст хүргүүлэх зэргээр тодорхой ажлуудыг хийх юм.
С.Саруул
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин