Нүхэн жорлонд унасан зургаа болон 75 настай хоёр иргэнийг эсэн мэнд гаргажээ
Өчигдөр нийслэлд болон орон нутагт нүхэн жорлонд унасан хоёр иргэнийг эсэн мэнд гаргасан талаар Онцгой байдлын газраас мэдээллээ.
Тодруулбал нийслэлийн Баянзүрх дүүргийн тавдугаар хороо, авто засварын газар жорлонд хүн унасан байна гэсэн дуудлагыг өчигдөр 14:38 цагт хүлээн авчээ.
Нийслэлийн аврах ангийн алба хаагчид 9 километр замыг туулан 14:52 цагт очиж, 75 настай, эрэгтэйг 2.5 метрийн гүнтэй жорлонд унасан байсныг гаргаж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэн нийслэлийн ЯТТТ-д хүлээлгэн өгсөн байна.
Орон нутагт буюу Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Эрхэл багийн тавдугаар гудамжинд бага насны хүүхэд жорлонд унасан тухай дуудлагыг өчигдөр 20:49 цагт хүлээн авсан бөгөөд Аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 20:58 цагт очиж, 4 метрийн гүнтэй жорлонд 6 настай, эмэгтэй хүүхэд унасан байсныг эсэн мэнд гаргаж, аймгийн Нэгдсэн эмнэлэгт хүлээлгэн өгчээ.
Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулж, болзошгүй эрсдлээс хамгаалах, нүхэн жорлонд орохдоо анхаарал болгоомжтой байхыг зөвлөв.
Эх сурвалж: ОБЕГ