Сибирийн түймрийн утаа Улаанбаатар хотыг ДАХИН НӨМӨРЛӨӨ
ОХУ-ын Бүгд Найрамдах Саха улсын нутагт гарсан ой хээрийн түймрийн утааны улмаас манай орны төвийн болон зүүн аймгуудын нутгийг утаа бүрхсэн билээ. Тэгвэл Сибирийн түймрийн утаа манай улсад дахин орж ирж, Улаанбаатар хотыг бүрхээд байна.
Энэ талаар Цаг уур, орчны шинжилгээний газраас тодруулахад:
"Сибирийн ой хээрийн түймрийн утаа нийслэлээс гадна Дархан, Булган, Сэлэнгэ орчмын нутаг дэвсгэрийг бүрхсэн. Европын Холбооны агаар мандлыг судлах “Copernicus” төслийн вэбсайтаас үзвэл Якутын түймрийн утаа ирэх долоо хоногийн дунд хүртэл манай улсын газар нутгийн төв болон зүүн хэсгийг бүрхэх төлөвтэй байна" гэжээ.
ОХУ-ын Сибирийн бүс нутагт сүүлийн 150 жилд үзэгдээгүй хуурайшилттай зун болж, үүний улмаас зургаадугаар сараас хойш тус бүс нутагт нийт 200 гаруй удаа түймэр гарч, 15 мянган км газар нутагт галд өртсөн байна. Мөн одоогийн байдлаар ОХУ-ын Якутад гарсан түймэр 12140 км талбайг хамарч, 5500 булга, 2700 буга, 1500 хандгай, 300 баавгай өртжээ.