ЗАМЫН-ҮҮД : Импортын гоёлын цэцэгнээс хортон шавьж илрэх зэрэг зөрчлүүд тогтоогдсон
Замын-Үүд дэх Хилийн мэргэжлийн хяналтын хүнсний чанар, стандартын хяналтын улсын ахлах байцаагч Б.Сарангоо :
Өнөөдөр э-трансын хяналтын талбай дээр долоон байцаагчийн бүрэлдэхүүнтэй хяналт, шалгалт хийж байна. Өдөрт дунджаар 60-70 ачаатай тээврийн хэрэгслийг хяналтанд хамруулж байна. Мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар уртасгасан цагаар ажиллаж байгаа учраас ачаа, бараанд шуурхай хяналтын ажлууд хийгдэж байна. Өнөөдрийн байдлаар манай хяналтын талбай дээр гурван ААН-д холбогдох зөрчлийг илрүүлээд байна. Үүний нэг нь барилгын материал болон төрөл бүр гэсэн ачаан дунд нууцаар 23 нэр төрлийн 540 орчим хайрцаг хүнсний бүтээгдэхүүнийг ачсан байсан. Мөн биет үзлэгээр эрүүл ахуйн шаардлага хангаагүй дөрвөн нэр төрлийн амны хаалт, нэг удаагийн бээлий, хувцас хэрэглэлийн бүтээгдэхүүний зөрчлүүд илэрсэн.
Түүнчлэн хаяг, шошгоны зөрчилтэй, экспортлогч орны нэр бүхий байгууллагаас олгосон чанарын гэрчилгээгүй бүтээгдэхүүнүүд орж ирэх зөрчилүүд илэрсээр байна. Эдгээр бүтээгдэхүүнийг сумын захиргааны зөвлөлд устгуулах саналаа шилжүүлээд байна.
Замын-Үүд дэх Мэргэжлийн хяналтын албаны сорилтын лабораторийн эрхлэгч Э.Мөнхзул :
Манай лаборатори нь хорио цээр, хими хор судлал, нян судлал гэсэн гурван хэсгээс бүрддэг. Бид өдөр , өдөрт нь орж ирсэн бараа бүтээгдэхүүнд сорилын шинжилгээ хийж гүйцэтгэн улсын байцаагчид сорилтын үр дүнгийн хуудсыг хүлээлгэн өгч ажилладаг. Өнгөрсөн долдугаар сарын байдлаар 408 дээжийг 2405 үзүүлэлтээр тодорхойлох сорилын шинжилгээг хийж гүйцэтгэсэн. Үүнээс 12 бүтээгдэхүүн стандартын шаардлага хангаагүй нь тогтоогдсон. Тухайлбал гоёлын цэцэгний дээжээс хортон шавьж илэрсэн. Мөн хүнсний ногоо, жимс жимсгэнээс ургамлын өвчин, хортон шавьжны сорьцын шинжилгээг хийгээд явж байна.
ВИДЕО: