СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Автомашины бүхээгийн төмөр хийцэд хүн хавчуулагдан нас баржээ
Хэнтий аймгийн Дархан сумын Хараат багийн “Шажин” гэдэг газарт /аймгийн төвөөс баруун урд зүгт 160 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т, Бор-Өндөр сумын төвөөс зүүн хойд зүгт 30 км-т/ Ачааны автомашин авто замын хажуу руу унаж, автомашины бүхээгийн төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 08.08-ны өдрийн 23:23 цагт хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Бор-Өндөр сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 49 дүгээр ангийн алба хаагчид 30 км замыг туулан 00:44 цагт очиход Дорноговь аймгийн Даланжаргалан сумаас Дорнод аймгийн Чойбалсан сумын чиглэлд Дорноговь аймгийн харьяат иргэн Ү /33 настай, эрэгтэй/-гийн жолоодож явсан Норд бенз загварын том оврын ачааны автомашин авто замын хажуу руу унаж, автомашины бүхээгт хавчуулагдан нас барсан байсан тул цогцсыг гаргаж, тус сум дахь Цагдаагийн хэлтэст шилжүүлж өгсөн байна.