Л.Баттөр: Улаанбаатар хотод өнөөдөр нас баралт бүртгэгдээгүй
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Л.Баттөр:
Улаанбаатар хотод өнөөдөр нас баралт бүртгэгдээгүй. Халдварын 70-80 хувь нь орон нутагт бүртгэгдэж байна. Хэдий нийслэл дэх нөхцөл сайжирч байгаа ч орон нутагт байдал хүнд байна.
Орон нутаг дундаа Баян-Өлгий аймагт нийт халдварын 30 гаруй хувь нь бүртгэгдэж байна. Тус аймагт зуны амралтаар 25 мянга орчим хүн очсон. Мөн энд олон нийтийг хамарсан маш олон арга хэмжээ болсон.
Ховд аймгийн хувьд мөн даншиг наадам болсон нь халдвар нэмэгдэх шалтгаан болсон байна. Баян-Өлгий аймаг мөн нийт хүн амын вакцинжуулалтаараа хамгийн бага нь.
PCR шинжилгээнд эерэг эзлэх хувь 5 хувиас доош орвол ДЭМБ-ын зөвлөмжийн дагуу халдварын хяналтдаа авсныг илтгэнэ.
Халдвар авсан 0-17 насны хүүхдүүдийн 50 орчим хувийг 12-17 насныхан эзэлж байсан. Харин вакцинжуулалт хийж эхэлснээр эзлэх хувь нь 30 болж буурсан.
Синофарм, Синовак вакцин тарьсан ихэнх улсад вакцинжуулалтын эхэн үед халдварын давлагаа үүссэн. Энэ долоо хоногт нийт эерэг илэрч байгаа шинжилгээний 10 хувьд нь мутацийг илрүүлэх шинжилгээ хийж буй.
Нийт үзсэн шинжилгээний 11 хувьд дельта вирус илэрсэн. Олон улсын нислэгээр ирсэн вакцин тариулсан иргэдээс халдвар илрэх тохиолдол байна.
Хүүхдүүд вакцинжуулалтад маш сайн оролцож байна. Харин 18-34 насны залуусын хамрагдалтын идэвх суларсан.
12-17 насны хүүхдийн вакцины нөлөөг тодорхойлж үзсэн. Хоёр тундаа хамрагдсан хүүхдүүдийн 80 хувь нь халдвар авахгүй байх судалгаа гарсан.
Синовак, Синофарм вакциныг хийсэн Турк, Сингапур улсуудын эдийн засаг эргэн хэвийн горимдоо орж байна. Ихэвчлэн файзер вакцин хийсэн Франц, Израил, АНУ-д дахин халдвар нэмэгдсэн.
Вакцины төрлөөс үл хамаарч халдварын дэглэм сулрах үед халдварын тархалт нэмэгдэж байна. Нас баралтын түвшний хувьд манай улсад 0.5 хувьтай байна. Энэ түвшин АНУ, Их Британи зэрэг өндөр хөгжилтэй орнуудад их бий.
Синовак вакцины гурав дахь тунг хоёр дахь тунгаас хойш 6-8 сарын дараа хийхэд эсрэг биеийн хэмжээ 3-5 дахин их байна. Гэхдээ дотоодын судалгааг харж байж гурав дахь тунг хийх эсэхээ шийднэ.