Дельта хувилбарын тархалт манай улсад эрс нэмэгдэхийг анхааруулав
Урт хугацааны хатуу хөл хорио, хурдацтай вакцинжуулалтын үр дүнд хэд хэдэн орон COVID-19 халдварыг ялснаа зарлаж, маскаа тайлж, хэвийн амьдралдаа шилжээд байв. Гэвч өмнөх хувилбаруудаас хоёр дахин илүү хурдацтай тархдаг дельта хувилбар гарч ирснээр дэлхий нийтээрээ дахин хөл хорионд орлоо. Тухайлбал, Израйль, Хятад, ОХУ, Япон, Австрали, АНУ,Англи, Шинэ Зеланд гэсэн орнуудад дельта хувилбар тархсанаас ихэнх нь дахин хөл хорио тогтоогоод байна. Учир нь дельта хувилбарын тархац хурдан байхаас гадна халдварын хүндрэх эрсдэл нь маш их байгаа юм. Энэтхэг улсад өнгөрсөн жилийн арванхоёрдугаар сард бүртгэгдсэн энэ хувилбар өдгөө дэлхийн 130 гаруй оронд тархсан гэж ДЭМБ мэдээлэв.
Аймгуудад хоногт бүртгэгдэх халдварын 35-75 хувь нь дельта вирус байна
Манай улсын нийт халдварын 11 хувиас дельта вирус илэрсэн талаар ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр өнгөрсөн баасан гарагт мэдээлж байсан. Тэгвэл зөвхөн нийслэлд гэхэд өчигдрийн байдлаар нийт тохиолдлын 30 хувьд дельта хувилбар илэрснийг ЭМЯ-наас мэдээллээ. Энэ нь дельта хувилбар ямар хурдацтайгаар тархаж байгаагийн нэгэн баталгаа юм.Тодруулбал, ХӨСҮТ-ийн захирал Л.Баттөр даваа гарагт “Орон нутагт өвчлөл буурахгүй байна. Нийтийг хамарсан арга хэмжээ болгоны дараа халдварын тохиолдол нэмэгдсэн. Хичээл сургууль эхлэхэд улам хүндрэлтэй нөхцөл байдал үүснэ. Учир нь дельта орон нутагт тархсан байна” гэж анхааруулж байсан. Тэгвэл Баян-Өлгий, Ховд, Говьсүмбэр, Хэнтий, Завхан аймгуудад хоногт бүртгэгдэх халдварын 35-75 орчим хувь нь мутацид орсон дельта вирус байгааг ЭМЯ-наас өчигдөр мэдээллээ.
Улсын хэмжээнд лхагва гарагт 1582 тохиолдол бүртгэгдэсний 1130 нь орон нутгийн, 452 нь нийслэлийн халдвар байна. Халдварын улмаас орон нутагт 41-80 гаруй насны таван хүн нас барж, улсын хэмжээнд 889 хүн цар тахлаар амиа алдлаа. Шинээр илэрсэн тохиолдлуудыг аймаг тус бүрээр харвал Ховд болон Баян-Өлгий аймагт хамгийн олон буюу 211-228 хүн шинээр халдвар авчээ. Мөн Ховд аймагт дельта вирусын 11 тохиолдол илэрчээ. Баян-Өлгий аймагт дельта вирус бүртгэгдсэнтэй холбогдуулан Ховд аймагт энэ төрлийн вирус орж ирсэн эсэхийг илрүүлэх зорилгоор COVID-19 халдвартай 50 иргэний сорьцыг наймдугаар сарын 15-ны өдөр ХӨСҮТ-рүү явуулсан байна. Эхний ээлжинд 20 сорьцоос шинжилгээ авахад 11-ээс нь дельта вирус илэрчээ. Үлдсэн 30 сорьцын хариуг хүлээж байгааг орон нутгаас мэдээлэв. Халдварын тархалт эрс нэмэгдсэнтэй холбогдуулан Баян-Өлгий аймаг руу орох гарах хөдөлгөөнийг энэ сарын 24-нийг хүртэл хаагаад байна.
Есдүгээр сараас дельтагийн тархалт эрс нэмэгдэнэ
Одоогийн байдлаар манай улсад дельта, альфа, гамма хувилбарын тархалт бүртгэгдсэн ч дельта хувилбарын тархалт өндөр хувийг эзэлж байна.Энэ талаар УОК-ын дэргэдэх эрдэмтдийн зөвлөлийн нарийн бичгийн дарга О.Батбаяр “Дельта хувилбарын тархалт наадам хийсэн, олон жуулчин хүлээн авсан аймгуудад их байна. Дельта хувилбарын нийт эерэг тохиолдолд эзлэх хувь Баян-Өлгий аймагт 80 хувь, Завхан аймагт 70 хувь, Ховд аймагт 55 хувь, Говьсүмбэр аймагт 43 хувь, Хэнтий аймагт 35 хувь, Өвөрхангай аймагт 10 хувьтай байгаа. Баянгол, Сүхбаатар дүүрэгт илэрсэн 100 эерэг сорьцод НЭМҮТ-ээс шинжилгээ хийхэд дельта хувилбар 30, гамма хувилбар хоёр, альфа хувилбар 57 илэрсэн.
Цаашид халдварын тархалт нэмэгдэх хандлагатай байна. Тодруулбал, есдүгээр сарын дунд үеэс эрс нэмэгдэх тооцоолол гарсан.Дельта хувилбарын тархалтын үед вакцины үр дүн буурч байгаа нь санаа зовоох асуудал болоод байна. Энэ хувилбар Ухань хотын анхны хувилбараас илүү хүнд өвчлөл үүсгэж байгааг олон улсын жишээн дээр харж болохоор байна. Вакцин хийлгэснээс хойш зургаан сарын дараа вакцины хамгаалах түвшин буурч байгаа гэсэн олон улсын судалгаа байна. Тиймээс хамгаалах чадвар алсдаа буурах нь тодорхой. Мөн вакцины үр дүнгийн үзүүлэлт дэлхий дахинд буурч байна.Хоёр тунгийн вакцин хийлгэсэн ч дельта вирусын халдвар авахад биеийн байдал хүндрэх магадлалтай байгааг дэлхийн мэргэжилтнүүд анхааруулж байна” гэж ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр өчигдөр ярилаа.
Халдварын хувилбараас үл хамааран COVID-19-ийн эмчилгээ ижилхэн
Дельта вирус шинж тэмдэгийн хувьд COVID-19 халдвартай ижил толгой өвдөх, хоолой өвдөх, нус гоожих, халуурах, байнга ханиалгах, амт үнэрээ алдах гэсэн үндсэн шинэ тэмдгээс гадна амьсгал давчдах, жихүүдэс хүрэх, булчин өвдөх, ядрах, гүйлгэх, гэдсээр өвдөх, дотор муухайрах, бөөлжих шинж тэмдгүүд илэрч байгаа гэж emedicinehealth.com сайтад бичжээ. Олон улсын хэвлэлд тус хувилбар нь залуу хүмүүс болон вакцинд хамрагдаагүй хүүхдүүдийг илүү их халдварлуулж байгааг онцолсон байна.
Халдварын хувилбараас үл хамааран COVID-19-ийн эмчилгээ дэлхий нийтэд ижил байна. Хөнгөн, дунд зэрэг өвчилсөн хүмүүсийг гэртээ 14 хоног тусгаарлагдаж сайн амарч, их хэмжээний шингэж ууж, ханиалга дарах болон өвдөлт намдаах эм уухыг зөвлөж байна. Харин хүнд өвдсөн хүмүүс зайлшгүй эмнэлэгт хэвтэнэ. Ингэхдээ дексаметазон, преднизон, метилпреднизолон эсвэл гидрокортизон эмийг хэрэглэнэ гэж emedicinehealth.com сайтад бичжээ.Дексаметазон, преднизон нь кортикостероидууд бөгөөд олон эрхтэн тогтолцооны янз бүрийн үрэвслийн үед хэрэглэдэг. Кортикостероидууд нь метаболизмд нөлөөлж, бие махбодийн дархлааны хариу урвалыг өдөөх хүчин зүйл болгон өөрчлөх замаар ажилладаг юм байна. Мөн ремдесивир /remdesivir/ агуулсан вирусын эсрэг эмчилгээ хийж, нэмэлтээр хүчилтөрөгч залгадаг гэв.
АНУ-ын нийт тохиолдлын 98 хувийг дельта вирус эзэлж байна
АНУ-ын нийт халдварын 98.8 хувийг дельта хувилбар эзэлж байгаа тухай Америкийн Халдварт өвчнийг хянах, урьдчилан сэргийлэх төвөөс мягмар гарагт мэдэгдсэн тухай “USA today” мэдээлэв. Цар тахал эхэлснээс хойших 37 сая хүнийг хамруулсан судалгааны үр дүнг энэ сарын 14-нд танилцуулсны дараа дээрх мэдэгдэлийг хийсэн юм. Дельтагийн анхны хувилбар Америкт энэ оны гуравдугаар сард бүртгэгдэж байв. АНУ-д дельта хувилбар тархаж эхэлснээс хойш халдварын тоо болоод нас баралт дахин нэмэгдсэн билээ. Үүнээс гадна дельтагийн бас нэгэн хувилбар болох дельта плас /Delta Plus/ хувилбар АНУ, Англи бусад оронд бүртгэгдсэн тухай yalemedicine.org сайтад бичжээ.АНУ энэ долоо хоногоос эхлэн вакцинаа хийлгээд найман сар болсон иргэддээ нас харгалзахгүйгээр гурав дахь тунг хийж эхлэхээр болсон юм.
Үүнээс гадна дельта хувилбар Азийн улс орнуудад хурдацтай тархаж байгааг BBC онцолжээ. Тайланд улсад долдугаар сарын 31-нд дельта бүртгэгдсэнээс хойш халдварын тоо эрс өсчээ. Одоогийн байдлаар улсын хэмжээний нийт тохиолдлын 60 хувь, нийслэл Бангкок хотын халдварын 80 хувь нь дельта вирус байна. Тиймээс наймдугаар сарын 3-19-нийг хүртэл хөл хорио тогтоосон юм.
Эмч, цагдаа нарыг вакцины гурав дахь тунд хамруулж эхэллээ
Цар тахлын эсрэг тэргүүн эгнээнд ажиллаж байгаа хариу арга хэмжээний багийн ажилтан, албан хаагчдыг III тунд хамруулж эхэллээ. Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу АстраЗенека вакцины хоёр тундаа бүрэн хамрагдсан эрүүл мэнд, онцгой, цагдаа, мэргэжлийн хяналтын байгууллагын 41 мянган ажилтан, албан хаагчийг нэмэлт тунд хамруулах юм. Албан хаагчдад АстраЗенека вакцины гурав дахь тунг сайн дурын үндсэн дээр хийнэ.АстраЗенека вакцины хоёр тун хийлгэсэн бол гуравдугаар тунд дархлаа өндөр тогтож буй олон улсын судалгаа гарчээ. Харин иргэдэд нэмэлт буюу гурав дахь тунг хийх эсэх талаарх эцсийн шийд гараагүй байна. Учир нь вакцинууд өөр тул нарийвчилсан судалгаа хийж байгаа юм. Мөн нэмэлт тунг вакцинд хамрагдсанаас хойш зургаан сарын дараа хийлгэх нь илүү үр дүнтэй гэж олон улсын судлаачид үзжээ. Халдварын хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа эрүүл мэндийн ажилтнууд, онцгой, цагдаагийн албан хаагчдыг 2021 оны хоёрдугаар сараас вакцинд хамруулж эхэлсэн билээ. Гэхдээ вакцины хоёр тунг хийлгэсний дараа халдвар авсан хүмүүс гурав дахь тунг хийлгэх шаардлагагүй юм.
ЭКСПЕРТИЙН ҮГ
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга О.Энхзаяа: Дельта хувилбар нь 7-8 хүнд халдварлах чадвартай
-Амралт, зугаалгын улирал учир дельта вирус дан ганц хотод биш, хөдөө орон нутгаар ч тархсан. Аялал, зугаалгын цаг дуусаж, суурьшлын бүсэд төвлөрөх үед халдварын тохиолдол нэмэгдэх хандлагатай байгаа. 12-оос доош насны хүүхдүүдийг вакцинжуулалтад хамруулаагүй байгаа тул эцэг, эхчүүд хүүхдүүддээ онцгой анхаарч, хариуцлагатай байх шаардлагатай.Коронавирусын альфа, бетта, гамма төрлийн вирус нь ойролцоогоор 2-3 хүнд халдвар дамжуулдаг байсан бол дельта хувилбар нь 7-8 хүнд халдварлах чадвартай. Одоогоор дельта вирусаар оношлогдсон тохиолдлуудын дийлэнх нь хөнгөн хэлбэрээр өвчилж байна. Хөнгөн хэлбэртэй тул ихэнхдээ гэрийн нөхцөлд эмчилгээ хийж байгаа.Альфа, гамма вирусын тохиолдол зургаа, долдугаар саруудад нэлээд өндөр байлаа. Долдугаар сарын дунд үеэс эхлэн иргэдийн хөл хөдөлгөөн татарч, амралт зугаалгын цаг эхэлсэнтэй холбогдуулан Улаанбаатар хотод халдварын тохиолдол буурч, эмнэлгийн ачаалал хөнгөрсөн. Тиймээс боломжийг ашиглаад халдварын голомтод ажиллаж байгаа эмч, эмнэлгийн байгууллагын ажилчдаа үе шаттайгаар, ээлжлүүлэн амраах, дархлааг нь дэмжих ажлыг зохион байгуулж байна.
ЭМЯ-ны Судалгаа, төлөвлөлтийн хэлтсийн дарга Б.Бумдэлгэр: АстраЗенека вакцины гурав дахь тун Дельта хувилбарыг саармагжуулах идэвх өндөр
-Оксфордын их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаагаар АстраЗенека вакцины нэг болон хоёр дахь тунг хийлгэснээс хойш тогтсон эсрэг биетийн түвшин гурван сарын дараа буурдаг.Харин гурав дахь тунг хийхэд эсрэг биетийн түвшин өмнөх түвшнөөсөө 2-3 дахин нэмэгдэж байна гэсэн үр дүн гарчээ.Мөн вирусыг саармагжуулах идэвхийг үнэлсэн судалгаагаар АстраЗенека вакцины хожуу хоёр дахь тун болон гурав дахь тунгийн дараа үүссэн эсрэг биетийн хариу урвал альфа, дельта, бетта гэсэн коронавирусын гурван хувилбарыг саармагжуулах идэвх нь өндөр байна гэсэн үр дүн гарсан байна.Энэ нь АстраЗенека вакцины гурав дахь тунг хийх үндэслэл болж байгаа.Одоогоор дэлхий дахинд гурав дахь тунг өөр вакцинаар дархлаажуулах талын судалгааг хийж байна. Энэ талаарх тодорхой үр дүн гараагүй бөгөөд вакцин үйлдвэрлэгчээс гурав дахь тунг өөр вакцинаар хийж болно гэсэн албан ёсны зөвлөмж өгөөгүй. Монгол Улсын хувьд зөвхөн АстраЗенека вакцин дээр гурав дахь нэмэлт тунгийн судалгааг хийж байгаа.Мөн ХӨСҮТ дээр бусад вакцины гурав дахь тунг хийх эсвэл гурав дахь тунд өөр вакцин хийх эмнэл зүйн туршилт судалгаа эхэлсэн байна. ДЭМБ-аас гурав дахь тунг хийх талаар зөвлөмж өгөөгүй. Өндөр хөгжилтэй хэдхэн улсад хийж эхэлсэн.Гэвч манай улсад дельта хувилбар маш хурдацтай тархаж, гурав дахь давлагаа үүсэх эрсдэлтэй байгаа учраас урьдчилан сэргийлэх байдлаар тэргүүн эгнээнд ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилчид, алба хаагчдад сайн дурын үндсэн дээр хийж байгаа.
Б.Должинжав
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
|