Сайед Моллайд “ГАВЬЯАТ ТАМИРЧИН“ цол хүртээнэ
Хоёр жилийн өмнө төрөлх Иран улсаасаа дүрвэж, Монгол улсын иргэн болсон Сайед Моллай Токио-2020 олимпийн наадмаас жүдогийн 81 кг-ийн жинд мөнгөн медаль хүртсэн билээ.
Гэвч Сайед Моллай Монголын Засгийн газарт гомдолтой байгаагаа өөрийн цахим хуудсаар илэрхийлсэн нь олны анхаарлыг татаад байна.
Энэ асуудлаар Биеийн тамир, спортын улсын хорооны дарга Ц.Шаравжамцаас тодруулахад тэрээр "Олимпын наадмаас мөнгөн медаль хүртсэн Саид Моллаид 60 сая, хүрэл медаль хүртсэн гурван тамирчинд 30, 30 сая төгрөг олгохоор Засгийн газраас шийдвэрлэсэн. Мөн өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хурлаар дөрвөн тамирчиндаа байр өгөх асуудлыг хэлэлцэж, дэмжсэн. Тамирчид маань 14 хоног хөл хорионд байсан. Хөл хорионоос гарахаар нь Засгийн газрын төлөөлөл хүлээн авч уулзахаар бэлтгэж байсан. Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс Саид Моллаи, Цэнд-Очирын Цогтбаатар, Бат-Очирын Болортуяа нарт Монгол Улсын Гавьяат тамирчин цол, олимп дэлхийн хос медалтан болсон Мөнхбатын Уранцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол олгох нь зүйтэй гэж үзсэн. Энэ талаар Саид Моллаи хараахан мэдээлэл аваагүй юм шиг байна. Уг нь Жүдо бөхийн холбоонд энэ талаар дуулгасан байгаа." хэмээлээ.