Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна
2021 оны наймдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн голын усны түвшин өмнөх өдрийнхөөс 145 см нэмэгдэж, үерийн аюултай түвшинг 75 см даван хүчтэй үерлэж байна.
Мөн Үүр, Хангай нурууны өврийн Байдраг, Заг, Цагаантуруут, Завхан, арын Чулуут, Урдтамир болон Сэлэнгэ мөрний эх, Алтай нуруунаас усжих Буянт, Булган, Дундцэнхэр, Төгрөг, Увс нуурын савын Тэс зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдэж, Бэлтэс, Бүгсий, Сэлэнгэ, Идэр, Хөгшин Орхон, Байдраг, Хархираа, Баруунтуруун, Чигж, Төгрөг, Улз зэрэг голууд үерийн түвшинг 10-120 см, Дэлгэрмөрөн, Үүр, Буянт, Тэс, Халх, Улз голын адгаар үерийн аюултай түвшинг 10-75 см даван үерлэж байна.
Маргааш буюу наймдугаар сарын 20-ны өдөр Сэлэнгэ мөрний эхээр усны түвшин 35-40 см, Чулуут гол Өндөр-Улаан сум орчимд 30 см нэмэгдэх төлөвтэй байна. Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй малчид, ард иргэдийг үерийн аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.