Дэлүүн суманд шүлхий өвчин гарч ХОРИО ЦЭЭРИЙН ДЭГЛЭМ тогтоожээ
Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 3, 7, 9, 12 дугаар багт наймдугаар сарын 31-ний өдрийн байдлаар малын гоц халдварт шүлхий өвчний 13 тохиолдол бүртгэгджээ.
Үүнтэй холбогдуулан сумын Засаг даргын 87 дугаар захирамж гарч, 31-ний өдрөөс эхлэн сумын хэмжээнд тодорхой бус хугацаагаар хорио цээрийн дэглэм тогтоолоо. Захирамжаар голомтын бүсээр тодорхойлогдож байгаа багуудаас малын шилжилт хөдөлгөөн хийх, малын гаралтай арьс, ноос, ноолуур зэрэг бүтээгдэхүүнүүдийг гадагшаа худалдан зөөвөрлөхийг хоригложээ.
Харин багуудын дунд болон бусад чиглэлд зайлшгүй шаардлагаар зорчих хүн, тээврийн хэрэгслүүдэд хяналт тавьж, бүртгэл хөтлөн ариутгал халдваргүйжүүлэлт хийсний үндсэнд нэвтрүүлж байхаар болжээ. Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбогдуулан тус сумын Тэмээн хүзүү, Дунд гарам, Байзын гүүр, Хагын даваа, Бэлийн даваа, Бүргэдийн хавцал зэрэг 7 газарт хяналтын цэг гаргасан байна.
Ташрамд сануулахад, Дэлүүн сумантай хөрш зэргэлдээ Булган суманд шүлхий өвчний 51 тохиолдол мөн бүртгэгдээд байгаа юм.