АТҮТ-ийн тасгийн дарга Б.ХҮДЭРБОЛДЫГ 30 хоног хорих санал хүргүүлжээ
Дорноговь аймаг дахь Автотээврийн төвийн даргаар ажиллаж байгаад нийслэл рүү шилжин ирж, удирдах албанд томилогдсон Б.Хүдэрболдыг АТГ-аас шалгаж эхэллээ.
Түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж олон удаагийн үйлдлээр авлига авч, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн, авлигын мөнгө угаасан байж болзошгүй гэх үндэслэлээр 48 цагийн хугацаагаар саатуулаад байна.
Улмаар Эрүүгийн хуулийн 22.4 дэх хэсэгт заасан үндэслэлээр яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хорих саналыг Нийслэлийн прокурорын газарт хүргүүлээд байгаа ба өнөөдөр /2021.09.02/ уг саналыг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн шүүхээр хэлэлцэх гэж байна.
Түүнчлэн АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст дээр дурдсан Б.Хүдэрболдоос гадна АТҮТ-ийн дэд захирал Х.Баярхүүг албан тушаалаа урвуулж, Увс аймагт хүнд даацын ачааны олон автомашин оношлогоонд оруулж тэнцүүлэн бусдад давуу байдал бий болгосон гэх үндэслэлээр шалгаж байгаа.
Мөн УИХ-ын гишүүн А.Адъяасүрэнгээс хүргэнээрээ дамжуулан 100 000 ам.долларын авлига авсан АТҮТ-ийн Тээвэр зохицуулалтын хэлтсийн дарга Г.Доржпаламыг нэмж шалгаж байгаа ажээ.