Үер, усны аюулаас сэрэмжтэй байхыг АНХААРУУЛЖ байна
Маргааш буюу есдүгээр сарын 7-нд Туул гол Алтанбулаг сум орчмоор, Онон гол Дадал сум орчмоор усны түвшин 10-30 см нэмэгдэх төлөвтэй байна.
Иймд дээрх голууд болон гол мөрний сав дагуу суурьшин нутаглаж буй малчид, иргэдийг үерийн аюулаас болгоомжлохыг Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна.
Цаг уурын байгууллагын мэдээллээр өнөөдөр буюу есдүгээр сарын 6-ны өдрийн байдлаар Хөвсгөлийн уулсаас эхтэй Дэлгэрмөрөн, Хэнтий нурууны баруун хажуугийн Туул, Ерөө зүүн хажуугаас усжих Хэрлэн, Балж, Онон, голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-45 см нэмэгдсэн байна. Түүнчлэн Бэлтэс, Бүгсий, Үүр, Дэлгэрмөрөн, Сэлэнгэ, Орхон, Идэр, Байдраг, Таац, Онги, Буянт, Ховд, Баруунтуруун, Тэс, Улз зэрэг голууд үерийн түвшинг 5-70 см давсан ба Халх, Сэлэнгэ мөрөн / Хялгант тосгон Зүүнбүрэн, Сүхбаатар / Орхон голын эх болон адгаар үерийн аюултай түвшинг 5-65 см даван тус тус хүчтэй үерлэж байна.