Тэтгэврийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг иргэд шаардлаа
Тэтгэвэр, тэтгэмжийг нэмэхийг шаардаж буй иргэдийн түр хорооноос "Өргөн хэрэглээний барааны үнийн өсөлттэй уялдуулж тэтгэвэр, тэтгэмж нэмдэг тогтолцоотой болъё" асуудлын хүрээнд өнөөдөр мэдээлэл хийлээ.
Тэд хувь тэнцүүлсэн тэтгэвэр 255 мянган төгрөг, хөгжлийн бэрхшээлтэй иргэд сард 188 мянган төгрөгөөр амьдарч байгаад бухимдаж буйгаа илэрхийлж, тэтгэвэр, тэтгэмжийн доод хэмжээг 500 мянган төгрөг болгохыг шаардсан юм.
Иргэн Г.Хажидмаа "2020 оны дөрөвдүгээр сараас эхлээд иргэн бүрд нэг сая төгрөг олгооч гэсэн шаардлагыг 20 гаруй удаа Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгч байсан боловч шийдээгүй. Үүний үр дүнд харин хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон. Хувь тэнцүүлсэн тэтгэвэр болох 250 мянган төгрөгөөр 190 гаруй мянган ахмад амьдарч байна. Тэтгэвэр тэтгэмжийг доод тал нь 500 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай. " гэлээ.