Н.Алтанбаатар: Үзэл бодлоо илэрхийлсэн гэмгүй иргэнийг хэргээр саатуулчихсан мэт буруу ойлголт нийгэмд төрүүлж байна
“Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
“Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо”-ны тэргүүн Н.Алтанбаатар: Хуулийн дагуу шаардлага тавихад эсэргүүцэж, зүй бус авир гаргасан хүмүүст албадлагын арга хэмжээ авах хууль эрх зүйн зохицуулалттай. Гэтэл үзэл бодлоо илэрхийлсэн гэмгүй иргэнийг хэргээр саатуулчихсан мэт буруу ойлголт нийгэмд төрүүлж байна. Энэ буруу ойлголтыг тэнцвэртэйгээр залруулах хэрэгтэй байна.
Цагдаа нар ажил үүргээ гүйцэтгэж явахдаа халдлагад өртөх, амь насаа алдах олон асуудал гардаг. Бид хуулийнхаа дагуу л ажилладаг. Харин жагсаал цуглаан хийгээд явдаг хүмүүс биш.
Цагдаагийн тухай хуульд дээд албан тушаалтнаас хуульд заагаагүй үүрэг даалгавар өгвөл тухайн цагдаа биелүүлэхгүй байх үүрэгтэй. Иргэд үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үүнд цагдаа нар саад болоогүй. Хэрвээ жагсаал цуглаан зохион байгуулахаа урьдчилж мэдэгдээгүй, зөвшөөрөл аваагүй бол цагдаа нар хуульд заасан үндэслэлээр л шаардлага тавьдаг.
Би иргэн Д.Монголхүүг чөлөөлсөн шүүхийн шийдвэрийг эсэргүүцээгүй, энэ талаар яриагүй. Бид нэг талыг бариагүй, цагдаа алдаа гаргасан бол шүүмжилнэ. Манай холбооны үндсэн зорилго нь иргэдийн эрх ашгийг хамгаалах, цагдаа нар хэн нэгний нөлөөнд автахгүйгээр ажиллах нөхцөлийг бүрдүүлэх юм. Бид 34 албан тушаалтныг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон цагдаагийн удирдлагуудад мэдээлж, шалгуулсан байдаг.
Уулын мод урттай, богинотой гэдэг шиг олон дотор зүй бус авир гаргасан цагдаа бий. Тэдэнд цагдаагийн байгууллага хариуцлага тооцдог. Цаашид ч тооцож ажиллана." гэлээ.