МХЕГ: Хүүхдүүдтэй хамтран ундны усны хими, нян судлалын шинжилгээний сонирхолтой туршилтуудыг хийлээ
Дэлхийн усны өдрийг тохиолдуулан Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Хүмүүн” цогцолбор дунд сургуулийн 7 дугаар ангийн 150 гаруй сурагчийг хамруулсан “Усны үнэ цэнэ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.
Сургалтын үеэр ундны усны хими, нян судлалын шинжилгээний сонирхолтой сорилт, туршилтуудыг хүүхдүүдтэй хамтран хийсэн нь сурагчдын мэдлэгийг дээшлүүлсэн, үр дүнтэй арга хэмжээ болов.
Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1992 онд зохион байгуулсан “Хүрээлэн буй орчин”, “Хөгжлийн тухай” сэдэвт олон улсын хурлын (UNCED) үеэр дэлхийн усны тэмдэглэлт өдөртэй болох саналыг дэвшүүлсэн байдаг. Улмаар 1993 оны 03 дугаар сарын 22-ны өдрийг анх НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас “Дэлхийн усны өдөр” болгон зарлан тунхаглаж, жил бүрийн энэ өдрийг цэвэр ус болон усан хангамж, усны нөөцийн тогтвортой менежментийн асуудалд олон нийтийн анхаарлыг хандуулах, сурталчлан таниулах зорилгоор тэмдэглэн өнгөрүүлж ирсэн билээ.