“ Багануур“ ХК-ний гүйцэтгэх захирал Э.Номинчулууны “авлига, албан тушаалаа урвуулан ашигласан“ гэх хэргийг АТГ-т шилжүүлжээ
“Багануур” ХК-ийн гүйцэтгэх захирал Э.Номинчулууныг Эрүүгийн цагдаагийн албаныхан өнгөрсөн сараас шалгаж эхэлсэн талаар бид өмнө мэдээлж байсан.
Тэгвэл түүнд холбогдох “авлига, албан тушаалаа урвуулан ашигласан“ гэх хэргийг АТГ-т шилжүүлжээ.
Тодруулбал, түүнийг “Багануур” ХК-иас зарласан өндөр үнийн дүнтэй тендерт “Тавинлан” гэдэг компанийг шалгаруулан ажил гүйцэтгэх явцад нь төсөвт өртгийг нэмж, 6 тэрбум төгрөгийн санхүүжилтийг 8 тэрбум болгон шалгарсан аж ахуйн нэгжийнхэнтэй нийлж завшсан байж болзошгүй хэмээн буруутган шалгаж эхэлсэн байдаг.
Мөн “Тавинлан” ХХК-ийн захирал Х.Цогнойжамцыг өөрсдийн барьсан “Алтаргана” хотхоны орон сууцаас Э.Номинчулуунд зах зээлийн үнэлгээ нь 500 сая төгрөгтэй тэнцэх тансаг зэрэглэлийн таван өрөө орон сууц бэлгэнд өгсөн гэх үйлдэлд хамтатган шалгаж буй.