ЦЕГ: “Эм Ди Си Пи“компанийн агуулахад “ХКҮ“ компанийн шошготой 96 тонн мах байсан тул шалгалт хийсэн
Цагдаагийн байгууллагаас махтай холбоотой хяналт шалгалтын ажил, өчигдөр хийсэн шалгалтын талаар болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү "Хүнсний аюулгүй байдал дэглэм сахиулах асуудлыг Зөрчлийн хуульд заасны дагуу МХЕГ эрх хэмжээнийхээ хүрээнд Зөрчлийн хэрэг нээгээд энэ асуудлыг шалгасан. Үүний дараа шинжээчийн дүгнэлтээр гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй байна гээд МХЕГ-аас нийслэлийн прокурорт асуудлыг шилжүүлсэн.
Уг хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, ЭЦА хэргийг шалгаж байна. Ингээд хэргийг хүлээн авч мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. "Эм Ди Си Пи" компани нь БНХАУ-ын иргэний өмчлөлд байдаг. Энэ компани БНХАУ руу мах экспортлох зөвшөөрөлгүй. Компанийн агуулахад дулааны аргаар боловсруулсан болоод боловсруулаагүй хонь ямааны нийт 234.8 тонн мах байсан. Дулааны аргаар мах боловсруулдаг ХКҮ компанийн хаяг шошготой 4842 хайрцаг 96 тонн мах илэрсэн. Хаяг шошгогүй 92 тонн ямааны мах байсан. Үүнийг МХЕГ зөрчлийн хэрэг нээж шалгахдаа тухайн махнуудыг битүүмжилсэн байна. Цагдаагийн байгууллагаас битүүмжилсэн агуулахын лацыг авч бүртгээд, ахин битүүмжилсэн. Лац ломбо хөдлөөгүй байсан. Мах экспортлох зөвшөөрөлгүй компанийн агуулахад ХКҮ компанийн хаяг шошготой мах байсан учраас тус компанийг шалгах шаардлагатай болсон. Тийм учраас таван газар буюу Эм БИ СИ Пи компанийн захирлын оффис, гэр, ХКҮ компанийн оффисыг нэгжсэн. ХКҮ компанийн байранд нэвтрэхийн тулд "Мах импекс" компанийн хашаанд нэвтэрсэн. Харин "Мах импекс" компанийг нэгжээгүй. Мах экспортлох эрхгүй "Эм Ди Си Пи" компани дулааны аргаар мах бэлтгэсэн байна. Үүнийг цаашид шалгана" гэв.