Шөнийн цагаар иргэдийн тайван байдлыг алдагдуулсан цагдаагийн дүрэмт хувцастай залууг олж, зөрчлийн хэрэг үүсгэжээ
Олон нийтийн цахим сүлжээнд 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр нэр бүхий фэйсбүүк хэрэглэгчийн хаягаас “Урд шөнө 3-4 цагийн орчимд нэг хүн маш чанга шүгэлдээд салдаггүй, бараг бүх айл сэрсэн байх, Пижигнэтэл орцны хаалга нүднэ, жижүүр онгойлгосон байх, шатаар дээш доош гүйв, гарч ирээд ахин чангаар шүгэлдэж эхлэв. Бүр гайхаад босоод цонхоор хартал, POLICE гэсэн хувцастай залуу таахалзаж байна. Яагаад шүгэлдээд байгаа юм, хүүхэд хөгшид бүгд сэрчихлээ гэтэл салаавч гаргалаа" гэх мэдээлэл, дүрс бичлэг нийтлэгджээ.
Энэ асуудлыг Цагдаагийн байгууллагаас шалгаж эхэлжээ.
Энэ талаар ЦЕГ-ын өгсөн мэдээллээр Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт-Аюулгүй байдлын газраас шалгалт явуулахад тухайн дүрс бичлэгт гарч буй цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцастай эрэгтэй нь өмнө нь цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад 2021 оны 12 дугаар сард Төрийн албаны тухай хууль, Цагдаагийн албаны тухай хууль, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчиж, цагдаагийн албанаас дутагдлаар халагдсан, Завхан аймгийн харъяат 27 настай, эрэгтэй “Д” болохыг тогтоожээ.
Иргэн “Д” нь төрийн албан хаагчийн дүрэмт хувцас, цол, таних тэмдгийг хэрэглэх эрхгүй хэрнээ цагдаагийн алба хаагчийн дүрэмт хувцсыг хэрэглэсэн, согтуугаар бусдын амгалан тайван байдал алдагдуулсан үйлдэлд Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн 5.5 дугаар зүйл, 15.21 дүгээр зүйлд зааснаар Цагдаагийн ерөнхий газрын Зөрчлийн хэрэг бүртгэх газраас зөрчлийн хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж эхэлсэн байна.