ШУУРХАЙ: “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдлагын өрөөнд НЭГЖЛЭГ хийлээ
Өчигдөр АТГ-аас “Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтад орж ажилласан 24 аж ахуйн нэгжийн 33 албан тушаалтны ажлын газар болон гэрт нь нэгжлэг хийсэн байна.
Энэ хүрээнд АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн өчигдөр орой Сүхбаатар дүүргийн нутаг, “Юнион бюлдинг” төвд байрлах “Тавантолгой төмөр зам” ХХК-ийн удирдах албан тушаалтнуудын өрөөнд нэгжлэг хийж, шаардлагатай санхүүгийн болон хамтын ажиллагааны гэрээ, бичиг баримтуудыг нь хураан авчээ.
Тодруулбал, хуулийн байгууллагынхан нүүрсний асуудалд холбогдуулан “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуяг болон “Таван толгой төмөр зам” ХК-ийн гүйцэтгэх захирал Н.Удаанжаргал нарыг шалгаж эхэлсэн гэнэ.
Засгийн газраас Тавантолгойн бүлэг ордоос нүүрс олборлон экспортолдог аж ахуйн нэгжүүд их хэмжээний ашигт малтмалыг гаалийн байгууллагад мэдүүлэлгүй нэвтрүүлсэн байж болзошгүй гэх хэрэгт ажлын хэсэг гарган шалгаж эхэлсэн. Тэгвэл энэ хүрээнд нэгжлэг хийж буй бололтой.
Ташрамд дурдахад, “Эрдэнэс таван толгой” ХК-д зургаан сарын хугацаанд онцгой дэглэм тогтоож, бүрэн эрхэт төлөөлөгч томилсон билээ.