ТОДРУУЛГА: Налайхын “Голомт цогцолбор” сургуулийн 15-16 орчим насны 5 сурагч “таталт өгсөн“ байдалтай эмнэлэгт хүргэгджээ
Налайх дүүргийн ЕБС-ийн 19 сурагч хордож эмнэлэгт хүргэгдсэн гэх мэдээлэл байна. Сурагчдыг 19 цагийн үед Налайх дүүргийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн талаар өмнө бид мэдээлж байсан.
Энэ талаар ЦЕГ-аас тодруулахад, "Цагдаагийн байгууллагад энэ оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 19:25 цагт Налайх дүүргийн “Эрүүл мэндийн төвд 15-16 орчим насны 5 хүүхэд таталт өгсөн байдалтай ирлээ” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийг тус дүүргийн цагдаагийн хэлтсээс шалгахад Налайх дүүргийн "Голомт цогцолбор” сургуулийн сурагчид болох А нарын нийт 5 сурагч Хүүхэд, гэр бүл, залуучуудын хөгжлийн хэлтсийн танхимд хичээллэж байх үедээ таталт өгч пульс тогтворгүй, хордлоготой гэх оноштойгоор Эрүүл мэндийн байгууллагад хүргэгдэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авч байна.
Эдгээр хүүхдүүдтэй адил шинж тэмдэг илэрсэн гэх тус ангийн 19 хүүхдийг эмнэлэгийн анхан шатны үзлэгт хамруулахад 4 хүүхдийн нь толгой өвдөж, пульс тогтворгүй, сахар унах гэсэн оноштой гарсан тул дүүргийн Хүүхдийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа."гэв.
Тус хэрэгт Налайх дүүргийн цагдаагийн хэлтсээс мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.