Б.Батцэцэг: Олон улсын тавцан дахь манай улсын НЭР ХҮНД мэдэгдэхүйц ӨССӨН
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.
-Энэ онд манай улс гадаад харилцааны чиглэлээр идэвхтэй, олон онцлог үйл явдлуудаар дүүрэн жил болж өнгөрлөө. Нөгөө талаар олон улсын харилцаанд томоохон өөрчлөлт орж, геополитикийн нөхцөл байдал ээдрээтэй болж, дэлхийн өнцөг булан бүрд тогтворгүй, хурцадмал байдал үргэлжилсээр байна. Энэхүү нөхцөл байдлыг та хэрхэн дүгнэж байна?
-Дэлхий нийтийг хамарсан цар тахал, түүний араас завсаргүй залгасан геополитикийн ээдрээтэй байдал өнөөдөр Монгол Улсын энхийг эрхэмлэсэн, нээлттэй, бие даасан, олон тулгуурт гадаад бодлогын ач холбогдлыг улам нэмэгдүүлж байна. Манай гадаад бодлогын амин сүнс нь харилцааны тэнцвэртэй харьцааг хадгалах явдал. Бид 2022 онд өндөр, дээд хэмжээнд урьд өмнө байгаагүй олон айлчлал хэрэгжүүлж, олон баримт бичиг байгуулж, харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүллээ. Дэлхий дахинд эрчим хүчний нийлүүлэлт тасалдаж, инфляци өсөж, мөнгөний бодлого чангарч, геополитикийн тодорхойгүй байдал даамжирснаас үүдэн дэлхийн эдийн засгийн өсөлт бүхэлдээ удааширч, Ерөнхий сайд Л. Оюун-Эрдэнэ “амаргүй цаг үе” хэмээн тодорхойлоод байгаа энэ хүнд үеийг харьцангуй хохирол багатай даван туулах урьдчилсан нөхцөлийг бүрдүүлж чадлаа. Өнгөрсөн хугацаанд манай гадаад харилцааны практикт хоёр сонирхолтой зүйл ажиглагдлаа. Эхнийх нь, дэлхий дахинд өрнөж байгаа үйл явц манай гадаад харилцааны үндсэн зарчмууд, гадаад бодлогын үзэл баримтлал эхнээсээ зөв байсныг нотлон харууллаа. Тийм болохоор тэнцвэртэй, олон тулгуурт гадаад бодлогыг бид цаашид ч тууштай баримтлах ёстой. Нөгөөх нь сүүлийн үед улс орнуудын гадаад, дотоод бодлогын зааг ялгаа илэрхий бүдгэрч байгаа явдал.
Манай нөхцөлд ГХЯ зөвхөн гадаад харилцааны салбар гэлтгүй, улс орны өмнө тулгамдсан бүх асуудалд оролцдог болсон нь цар тахлын үеэс эхэлсэн харьцангуй шинэ үзэгдэл юм.Олон улсын улс төр, манай үндэсний аюулгүй байдлын гадаад, дотоод орчинд сүүлийн үед гарч байгаа өөрчлөлт, динамикийг төр, засгийн удирдлага цаг тухайд нь мэдэрч, ГХЯ нөөц бололцоогоо маш тодорхой, прагматик зорилтуудад чиглүүлж ажилласны үр дүнд 2022 онд бид томоохон ажлуудыг хийж гүйцэтгэсэн. Сүүлийн 30 гаруй жилд бид жилд дунджаар 2-3 том айлчлал хэрэгжүүлдэг байсан бол энэ жил өндөр, дээд хэмжээнд 10 гаруй айлчлал хийлээ. Хоёр хөрш, гуравдагч хөршүүдийн гадаад харилцааны зургаан сайдыг эх орондоо айлчлууллаа. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсад айлчиллаа. Эдгээр айлчлалын үр дүнд харилцаа, хамтын ажиллагааны олон асуудлыг нааштайгаар шийдвэрлэх нөхцөлийг бүрдүүллээ. Олон улсын тавцан дахь манай улсын нэр хүнд ч мэдэгдэхүйц өссөн гэдгийг ч дотоод, гадаадын судлаачид, ажиглагчид онцолж байгаа.
-НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийн Монгол Улсад хийсэн айлчлал олон улсын анхаарлыг татсан. Амаргүй үед НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга яагаад Монгол Улсад айлчлах болов?
-Манай гадаад бодлогын амин сүнс нь тэнцвэртэй харилцаа гэж би сая хэлсэн. Хоёр хөрш болон гуравдагч хөршүүдтэй харилцаа тэнцвэртэй байх ёстой. Хоёр хөршийн харилцаа бас хоорондоо тэнцвэртэй байх ёстой. Энэ бол манай үндэсний аюулгүй байдлын нэг тулгуур багана. Нөгөө нэг багана нь олон талт хамтын ажиллагаа. Дэлхий дахины болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтад Монгол Улс өөрийн хувь нэмрийг оруулах ёстой, оролцоогоо тогтмол нэмэгдүүлэх ёстой. Монгол Улс цөмийн зэвсэггүй статусаа зарласны 30 жил, энхийг сахиулах ажиллагаанд оролцож эхэлсний 20 жилийн ойтой давхцуулан НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутеррешийг эх орондоо урьж НҮБ-ын системийн болон төрөлжсөн байгууллагуудтай тогтоосон хамтын ажиллагааг улам өргөжүүлэх чиглэлээр яриа хэлэлцээ хийсэн явдал олон улсын улс төрийн өнөөгийн нөхцөлд ихээхэн ач холбогдолтой байсан юм. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Монгол Улсыг “энх тайвны бэлгэ тэмдэг” хэмээсэн нь НҮБ-ын үйл ажиллагаа, түүний энхийн үйлсэд бидний оруулсан хувь нэмрийг үнэлсэн хэрэг. Бас манай цөмийн зэвсэггүй статусын ач холбогдол улам нэмэгдэж байгааг харуулсан хэрэг. Энэ айлчлалаар Монгол Улсад НҮБ-ын хэрэгжүүлдэг олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх талаар ул суурьтай ярилцсан. Цаашид бид НҮБ-аас хэрэгжүүлж буй олон улсын хамтын ажиллагааны төсөл, хөтөлбөрүүдийн үр ашгийг нэмэгдүүлэх, “НҮБ-ын Тогтвортой хөгжлийн зорилт-2030”-ыг Монгол Улсын хөгжлийн тэргүүлэх чиглэлүүд, түүний дотор “Тогтвортой хөгжил 2030”, “Алсын хараа 2050” урт хугацааны хөгжлийн бодлоготой уялдуулан хэрэгжүүлэх чиглэлээр түлхүү хамтран ажиллахаар төлөвлөж байна.
-Манай улсын нэр хүнд олон улсын тавцанд өсөж байна гэлээ. Энэ тухай дэлгэрүүлээч?
-2022онд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргаас гадна НҮБ-ын ЕНБД-ын энхийн ажиллагаа хариуцсан орлогч, ЮНЕСКО-ийн Ерөнхий захирал, Канадын Парламентын Сенатын танхимын дарга, Шведийн парламентын дэд дарга, ОХУ, БНХАУ, Польш, Япон, БНСУ, Лаосын Гадаад хэргийн сайд нар, Тайландын худалдааны сайд, Японы парламентын гишүүдийн төлөөлөл, Энэтхэгийн Хууль зүйн сайд, Батлан хамгаалахын сайд болон Үндэсний аюулгүй байдал хариуцсан орлогч дарга, Германы Холбооны зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, БНХАУ-ын Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга зэрэг өндөр албан тушаалтнууд манай улсад айлчиллаа. Бүгд манай гадаад бодлогын болон хоёр талын харилцааны маш тодорхой зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэсэн дэс дараатай, давтамжтай, төлөвлөгөөтэй айлчлалууд. Ерөнхийд нь дүгнэж хэлбэл, эдгээр айлчлал манай олон тулгуурт гадаад бодлогыг баталгаажуулахын зэрэгцээ миний “амин сүнс” гэж нэрлээд байгаа харилцааны тэнцвэртэй байдлыг хадгалах чиг шугамдаа манай улс тууштай байгааг дэлхий нийтэд нотолсон хэрэг юм.
-Энэ онд манай хоёр хөрш орны Гадаад хэргийн сайд нар дараалан Монгол Улсад айлчилж, манай талаас ч өндөр дээд хэмжээний айлчлал хэрэгжүүлсэн нь анхаарал татсан.Эдгээр айлчлалуудын үр дүнгийн талаар дурдвал?
-Өмнөд хөршид цар тахлын онцгой хатуу дэглэм үргэлжилж гадаад айлчлалыг эрс хязгаарласан хэвээр байсан ч хоёр талын харилцаа 2022 онд эрчимтэй өрнөлөө. Хамгийн сүүлд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНХАУ-д төрийн айлчлал хийж хамтын ажиллагааг бүх салбарт идэвхжүүлэн худалдааны хэмжээг ирэх таван жилд 20 тэрбум ам.долларт хүргэхийг зорьж ажиллахаар тогтлоо. Цаашид уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, нүүрсээ урт хугацаанд тогтвортой экспортлох, худалдааны бүтцийг төрөлжүүлэх, газрын тосны хамтын ажиллагааг өргөжүүлэх, бүтээн байгуулалтын төслүүдийн явцыг урагшлуулах зэрэг өргөн хүрээтэй асуудлыг ярьж тохирсон. Мөн дэлхийн дулаарал, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх бүх нийтийн үйлсэд хувь нэмрээ оруулах зорилгоор манай Ерөнхийлөгчийн санаачилсан “тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг Хятадын тал дэмжиж хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхээр тохиролцсон. Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр нийт 16 баримт бичигт гарын үсэг зурж, хамтын ажиллагааны тодорхой төсөл, хөтөлбөрүүдийг тусгасан 19 заалт бүхий хамтарсан мэдэгдэл гаргасан нь улс төр болон эдийн засгийн хувьд онцгой ач холбогдолтой үйл явдал юм. Хойд хөршийн хувьд В.Лавров сайд намар манайд айлчлахдаа Монгол, Оросын харилцаа иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд амжилттай хөгжиж байгааг тэмдэглэсэн, харилцан итгэлцсэн хамтын ажиллагааг бэхжүүлэх сонирхлоо хоёр тал нотолсон. Хоёр хөрштэйгөө тэнцвэртэй харилцааг хөгжүүлэхдээ бид эдийн засгийн гурван талт хамтын ажиллагааны санаачилгуудыг урагшлуулахыг зорьдог. Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах, манай улсаар дайруулан хийн хоолой татах, зүүн болон баруун босоо чиглэлийн төмөр зам барих, улс дамнасан автомашины тээврийг хөгжүүлэх зэрэг тодорхой төслүүдийг хэрэгжүүлэх чиглэлд ахиц дэвшил гарч яриа хэлцэл тасралтгүй үргэлжилж байгаа.
-Манай улс гуравдагч хөрш орнуудтай хөгжүүлж буй харилцаанд ямар ахиц гарав?
-Хоёр хөрштэй харилцаа идэвхжихийн хэрээр гуравдагч хөршүүдтэй харилцаа ижил хэмжээнд өргөжих ёстой. Тэнцвэртэй байлгах логикийн үүднээс. Энэ жилийн манай гадаад арга хэмжээг координатын хавтгай дээр 3 тэнхлэгт хуваан зураглаж үзвэл энэ тэнцвэр хадгалагдаж байгаа нь илэрхий харагдах байх. Энэ жил Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Япон улсад төрийн айлчлал хийж, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур, Герман улсад айлчилсан. Японы хувьд манай ерөнхийлөгч 12 жилийн дараа төрийн айлчлал хийлээ. Япон улсад хийсэн айлчлал 50 жилийн түүхтэй хоёр улсын дипломат харилцааг ирэх 50 жил хөгжүүлэх хэтийн төлөвийг тодорхойлоход чухал ач холбогдолтой боллоо. Энэ хүрээнд хоёр талын харилцааг шат ахиулах зорилгоор “Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх тусгай стратегийн түншлэл”-ийг зарлаж, хамтарсан мэдэгдэл гаргасан. Цаашид бүх салбарт хүний нөөцийг чадавхжуулах “хүн төвтэй” хамтын ажиллагаа хөгжүүлэх зорилтыг тодорхойлсон. Японы тал мөн манай Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийг дэмжиж манай улсад 50 мянган мод тарих, 20 мянган хүүхэд залуусыг танин мэдэхүйн сургалтад хамруулах зэрэг тодорхой асуудлыг ярьсан. Мөн Японы Засгийн газрын буцалтгүй тусламжаар “Монгол Улсын эрчим хүчний хангамжийг сайжруулах төсөл” хэрэгжүүлэхээр болж ноот бичиг солилцсон.Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Сингапур улсад албан ёсны айлчлал хийж харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх, Сингапурын хуримтлалын сан, төрийн өмчит компаниудын засаглал, хот төлөвлөлт, нийтийн орон сууцны хөтөлбөр, цахим засаглал, мэдээллийн технологид суурилсан төрийн албаны шинэчлэл зэрэг мэдлэгт суурилсан хөгжлийн туршлагыг Монгол Улсад нутагшуулах асуудлыг хэлэлцэж хамтын ажиллагааны гурван баримт бичиг байгуулсан. Ерөнхий сайд мөн ХБНГУ-д айлчилж хоёр талын харилцааг стратегийн түншлэлийн түвшинд хүргэх талаар зарчмын хувьд тохиролцсон. Айлчлалын үеэр Герман Улстай зэс боловсруулах үйлдвэр, цахилгаан автомашины гол түүхий эд болох газрын ховор элементийг хагас боловсруулах үйлдвэр байгуулах чиглэлээр судалгааны ажил эхлүүлэхээр тохирч эрчим хүч, тээвэр логистик, уул уурхай, мэдээлэл технологи, хот төлөвлөлт, хөдөө аж ахуй, ойн инженер зэрэг салбарт 1000 инженерийг үе шаттай бэлтгэх хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэхээр боллоо. Мөн БНСУ-ын Гадаад хэргийн сайд Пак Жин Монгол Улсад айлчлах үеэр газрын ховор элементийн Монгол, Солонгосын хамтарсан судалгааны төв байгуулахаар болсон, үйл ажиллагаа нь эхэлчихсэн байгаа. Ярилцлагын эхэнд би “гадаад харилцааны салбарт 2022 онд бид томоохон ажлуудыг хийж гүйцэтгэлээ” гэсэн нь эдгээр тодорхой ажлуудыг хэлсэн хэрэг.
-Ирэх 2023 оны олон улсын харилцааны ерөнхий төлөв байдал ямар байх бол?
-Манай улс төр болон чиглэлийн газрууд олон улсын улс төрийн нөхцөл байдлын өрнөлт, харилцааны чиг хандлагыг ажиглаж байгаад Монгол Улсын гадаад улс төрийн орчин нөхцөлийн талаарх таамаг төсөөллийг жилээр, улирлаар гаргаж танилцуулдаг. Ингэхдээ энэ жил, энэ улиралд тэгэх төлөвтэй байна, ингэх төлөвтэй байна гэж таамаглахаасаа илүү өрнөлтийг нь дор хаяж 2-3 сценари хувилбараар төсөөлж гаргахыг хичээдэг. Олон улсын тавцанд өнөөдрийн хямрал, сөргөлдөөн урт хугацаанд үргэлжилбэл мэдээж манай гадаад бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэхэд хүндрэл бэрхшээл гарна. Гэсэн хэдий ч ямар ч тохиолдолд манай гадаад бодлогын тэнцвэртэй харьцаа хэвээр хадгалагдах ёстой. Дипломат ажил тасралтгүй, тогтмол, байнгын шинж чанараараа улам үнэ цэнэтэй болдог. Бид хилийн чанад дахь дипломат төлөөлөгчдийн газрууд болон төвийн ажилтнуудын уулзалтын тэмдэглэл, мэдээ, илтгэх хуудас, танилцуулгад тогтмол дүн шинжилгээ хийж байж үйл ажиллагаагаа төлөвлөж, цаашдын чиг баримжаагаа тодорхойлох ёстой. Ялангуяа гадаад улс төрийн орчин тогтворгүй, олон улсын сөргөлдөөн, хориг арга хэмжээ даамжирсан нөхцөлд эдгээрээс үүдсэн зайлшгүй хязгаарлалтуудыг дүн шинжилгээний чадавхаар нөхөх оролдлого хийх нь хамгийн утга учиртай ажил болно. Иймд бид ирэх жил ГХЯ-ны дүн шинжилгээний чадавхыг бэхжүүлэх чиглэлд түлхүү анхаарах болно. Дүн шинжилгээнд суурилсан чанар болон агуулга сайтай цөөн хэдэн айлчлал төлөвлөх болно. Дипломат ажилтнуудынхаа ур чадварыг дээшлүүлэх, төр засгийн удирдлагад танилцуулдаг мэдээ, дүгнэлтээ сайжруулах чиглэлээр дорвитой ажлуудыг төлөвлөж хэрэгжүүлнэ. Ирэх жилийн ерөнхий төлөвийн хувьд гэвэл томоохон улс орнуудын сөргөлдөөн тэмцэл, хориг хязгаарлалтууд хэвээр үргэлжилж Дэлхийн худалдааны байгууллага зэрэг олон талт инститүцүүдийн тогтоосон хэм хэмжээ, дүрэм журмыг тойрч гарах гэсэн хандлага газар авч магадгүй гэсэн таамаг байгаа. Ийм нөхцөлд ихэнх улс орнууд эдийн засгийн протекционист бодлого явуулж таарна. Украины дайн сунжирч дахиад 2-3 жил үргэлжилж магадгүй гэсэн таамаг байна. Тэгсэн тохиолдолд дэлхийн эрчим хүчний хомсдол хүрээгээ тэлж, байгалийн хий, газрын тосны үнэ улам нэмэгдэхийн хэрээр олон улсад эдийн засгийн хямрал нүүрлэх эрсдэлтэй. Дээр нь цар тахлын аюул бүрэн арилаагүй, шинэ төрлийн халдварууд хэзээ гэнэт дэлгэрч, хэрхэн тархаж түгэхийг хэлж мэдэх аргагүй байна. Тийм болохоор цаашид манай улс гадаад бодлогын үндсэн зарчмуудаа тууштай баримталж, худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаагаа тэлж, хилийн чанад дахь Монгол Улсын дипломат төлөөллийг жигд өргөжүүлж, хоёр хөрш болон гуравдагч түнш орнуудтайгаа тэнцвэртэй хамтын ажиллагааг улам идэвхжүүлэхэд онцгой анхаарч ажиллах шаардлагатай болж байна.