З.Санждорж: Усан туулай жил өндөр настнуудад ээлтэй, хүүхэд багачуудад хатуу ширүүн жил байна
XVII жарны усан туулай жилийн өнгө, ноён нуруу, Төгс Буянт зурхайн ёсны талаар З.Санждорж хамба мэдээлэл өглөө.
Тэрээр "XVII жарны усан туулай жилийн төлөв байдлыг хэлье. Энэ жил ард түмэн өлсөх цангах зовлонгүй, өег цатгалан. Элдэв төрлийн халдварт өвчингүй, бие махбод нь зовлонгүй сайхан жил болно. Хаад, ноёд хууль цаазаа ёслон сахиж чадваас ард иргэд аз жаргалтай, баяр цэнгэл, наадмаар бялхаж, дуу хуур эгшиг аялгуу цуурайтсан жил гарна гэж судар номонд айлджээ.
Мөн өндөр настнуудад ээлтэй, залуучуудад ердийн, хүүхэд багачуудад хатуу ширүүн байх магадлалтай. Нийгэм, улс төрийн хувьд зөрчил маргаан ихтэй байна. Залуучуудын нийгмийн идэвх, оролцоо сайжирна. Улс төрийн тэмцэл хурцадмал, сөрөг хүчний үйл ажиллагаа эрчимжинэ. Төрийн хууль, цааз эрчимжиж, Үндсэн хуульд өөрчлөлт орох магадлалтай.
Усан туулай жилд түүхэн үйл явдал давтагдах шинжтэй байна. Уламжлалт түүх соёлын олон амжилт гарна. Аялал жуулчлал эрчимжинэ. Түүнчлэн бүх тахиа жилтнүүдэд сөрөг нөлөөтэй. Усан туулай жил буян их үйлдэх ёстой" гэлээ.