С.Баасанжав: Сүүлийн 14 хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 582 зөрчлийг илрүүлж, осол гаргасан 25 хэрэг бүртгэгдсэн
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай хуралдаан өнөөдөр боллоо.
Энэ үеэр сүүлийн 14 хоногт хийж, гүйцэтгэсэн ажлынхаа талаар Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа С.Баасанжав танилцууллаа.
Тэрбээр "Нийт 229 хяналтын цэгт цагдаагийн 524 алба хаагч ажиллаж, 29,328 зөрчил илрүүлсэн. Камерын хяналтаар 20,514 зөрчлийг илрүүлсэн.
Түүнчлэн 3,875 зам тээврийн осол бүртгэгдсэн нь өмнөх 14 хоногтой харьцуулахад хоёр дахин өссөн үзүүлэлт юм.
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 582 зөрчил, согтуугаар автомашин барьж осол гаргасан 25 хэрэг бүртгэгдсэн.
Тодруулбал, Сүхбаатар дүүрэгт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 128 зөрчил бүртгэгдсэн бол, Баянзүрх дүүрэгт хамгийн бага буюу 85 зөрчил илэрсэн билээ.
Мөн дээрх хугацаанд зам, тээврийн ослын хохирлын хэмжээ, гэмтсэн хүн өссөн үзүүлэлттэй байгаа. Ослын улмаас нас барсан хүний тоо хоёр дахин өссөн..
Явган зорчигчдыг осолд өртсөн байршлаар нь үзвэл, Баянзүрх, Хан-Уул, Чингэлтэй дүүрэгт өссөн байна. Харамсалтай нь Баянзүрх дүүрэгт нэг, Сонгинохайрханд мөн нэг иргэн ослын улмаас амиа алджээ.
Сар шинийн баяр, амралтын өдрүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр цагдаа, дотоодын цэргийн байгууллагаас нэмэгдэл хүч авч ажилласан.
- Тээврийн цагдаагийн албанаас 411
- Дүүргийн цагдаагийн газраас 273
- Дотоодын цэргийн штабаас 40
- Цагдаагийн төв байр, харьяа алба нэгжүүдээс 557, нийт 1,281 алба хаагчийн хүчээр хяналтын 314 цэгт 68 тээврийн хэрэгсэлтэй үүрэг гүйцэтгэсэн.
Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй хамтран шинийн 1, 2, 3-ны өдрүүдэд нэгдүгээр эгнээгээр хувийн тээврийн хэрэгслүүд зорчуулах арга хэмжээг зохион байгууллаа." гэлээ.