Ч.Тамираа: Мэдээлэл нь устсан 11000 машины долоо мянгынх нь ГААЛЬД БАЙГАА
АТГ-аас 11 000 тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг цахим бүртгэлийн системээс устгасан нөхцөл байдал тогтоогдож, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа гэсэн мэдээлэл өгсөн. Энэ талаар ГЕГ-ын Хуулийн хэлтсийн дарга Ч.Тамираа мэдээлэл өглөө.
-Өнгөрсөн долоо хоногт 11 000 тээврийн хэрэгслийн хилээр нэвтэрсэн мэдээллийг цахим бүртгэлийн системээс устгасан нөхцөл байдал тогтоогдсон гэсэн мэдээллийг хууль хяналтын байгууллагаас өгсөн. Үүнд гаалийн байгууллага ямар тайлбар өгөх вэ?
- Өнгөрсөн долоо хоногт хууль хяналтын байгууллагаас өөрсдийн эрх хэмжээний хүрээнд шалгалт хийж байх явцдаа олж авсан мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагад өгөхдөө 11000 тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан байж болзошгүй талаар дурдсан. Энэ мэдээллийг гаалийн байгууллага мэдэж байгаа. Шалгалтын үйл ажиллагаанд гаалийн байгууллага хамтран оролцоод ажиллаж байгаа. Өөрөөр хэлбэл, таны асуултад дурдагдсан төрийн эрх бүхий байгууллага хил хамгаалах байгууллагаас улсын хилээр нэвтэрсэн авто тээврийн хэрэгсэлтэй холбоотой мэдээллийг аваад, энэ мэдээллээ гаалийн байгууллагын мэдээлэлтэй тохирч байна уу, зөрүү гарсан байна уу, мэдээлэл дундаасаа устсан уу гэдэг дээр шалгах ажиллагаа хийгдэж байгаа. Гаалийн байгууллага яг энэ үйл ажиллагаанд нь оролцоод, тухайн шалгалт хийж буй хяналтын байгууллагыг мэдээллээр бүрэн хангаж гаалийн албаны цахим сервер, мэдээлийн сан, шаардлагатай архивийн баримтууд, мөн бүртгэлийн дэвтэрт бичигдсэн мэдээллийг гаргаж өгөх гэх мэтээр энэ хэргийг шалгах ажиллагааны бүх нөхцөлийг нь хангаж, хамтран ажиллаж байна.
Ер нь энэ тээврийн хэрэгслийн мэдээлэл устсан байж болзошгүй гэдэг асуудал эцсийн байдлаар тогтоогдоогүй. Шалгалт хийгдэж дуусаагүй, шалгалтын дүнгийн талаарх мэдээлэл эцэслэгдэж гараагүй байна.
Өнгөрсөн долоо хоногт энэ мэдээлэл цацагдсаны дараа хууль хяналтын байгууллагуудаас манай гаалийн байгууллагатай хамтраад мэдээллийн цахим системд нэвтрэн орж, шалгалтын ажиллагаа хийгдсэн. Энэ шалгалтын дүн арай нэгтгэгдээгүй байна. Шалгалтын явцад энэ 11000 автомашины мэдээллээс 3500 орчимд нь нарийвчилсан шалгалт хийхээр, шалгалтын ажиллагаа үргэлжлээд явагдаж байна.
-Тэгэхээр хууль хяналтын байгууллага зөрүүтэй мэдээлэл өгсөн гэсэн үг үү?
-Зөрүүтэй мэдээлэл гэж үзэхгүй. Хамтарсан шалгалтын хүрээнд мэдээлэлд дурдагдсан 11000 гэдэг тоон мэдээллийн долоон мянга орчим тээврийн хэрэгслийн мэдээлэл манай мэдээллийн баазад байгаа. Үлдсэн тээврийн хэрэгслийн мэдээллийг судлах, шинжлэх ажил хийгдээд явж байна. Энэ шалгалтын ажил дуусмагц мэдээлэл өгөх боломжтой.
-Тухайн мэдээллийн хадгалах, хамгаалах үүрэг нь гаалийн байгууллагад байдаг уу. Аль байгууллага нь хариуцдаг вэ?
-Гаалийн байгууллага үйл ажиллагаандаа хамгаалалт сайтай мэдээллийн сервер, цахим систем ашигладаг. Мөн төрийн байгууллагын мэдээллийн аюулгүй байдлын дүрэм, журам үйлчилдэг. Энэ дүрэм журмынхаа хүрээнд хадгалагдаж, хамгаалагдсан уу, мэдээлэл өөрөө бүрэн хадгалагдаж байгаа нь үнэн үү, эсвэл зарим мэдээлэл байхгүй байна уу гэдэг нь одоо явагдаж байгаа шалгалтаар тодорхой болно гэж ойлгож болно.
Эх сурвалж: "Зууны мэдээ" сонин
|