Г.Батжаргал: Эдийн засгийн өсөлт иргэдэд нөлөөлөхгүй Г.Батжаргал: Эдийн засгийн өсөлт иргэдэд нөлөөлөхгүй
Сонгууль 2024 7 хоногийн тойм -22°C 2639.86 ₮
12 сарын 04, Лхагва
Өнөөдөр

Arslan.mn

Г.Батжаргал: Эдийн засгийн өсөлт иргэдэд нөлөөлөхгүй

2023 оны 3 сарын 29

Arslan.mn

2023 оны эдийн засгийн төлвийн талаар эдийн засагч Г.Батжаргалтай ярилцлаа.

-Манай эдийн засаг гадаад орчноос хамааралтай эмзэг байгааг сануулсан жил болж өнгөрлөө. Тэгвэл 2023 онд Монгол Улсын эдийн засаг ямар байх дүр зураг ажиглагдаж байна вэ?

-2023 онд огцом өөрчлөлт буюу сэргэлт, бууралт гарахгүй болов уу. Учир нь өнгөрсөн арваннэгдүгээр сард баталсан улсын төсөвт эдийн засгийг дорвитой урагшлуулах, экспортын гарцыг нэмэгдүүлэх, уул уурхайн хамаарлыг бууруулах зүйлс суугаагүй. Соёлын сайдад Эрчим хүчний сайдаасаа илүү төсөв баталж өгч байгаа нь 2024 оны сонгуульд бэлдсэн халамж, улиг болсон жижиг сажиг бүтээн байгуулалт хийж байна. 1.8 их наяд төгрөгөөр барилга байгууламж, Соёлын төв барина гэж байгаа. Үүний оронд үйлдвэр барих хэрэгтэй.

-Бодлогын хүүг 13 хувиар үлдээсэн. Хүүг бууруулах боломжтой юу?

-Бодлогын хүүг энэ сард 1-2 хувиар буурах болов уу гэж харж байсан ч хэвээр үлдлээ. Инфляцыг бууруулж мөнгөний нийлүүлэлтийг хумих бодлого үр дүн муутай байна гэж харж байна. Хэрэв үр дүнгээ өгсөн бол банкуудын ТБҮЦ-ны хэмжээ нэмэгдэж одоогийн 4.3 их наядаас өсөх байсан.

Нэгэнт эргэлдэх мөнгөний хэмжээ бага байхад хүү өсгөх нь хадгаламж бонд, зээл гэх мэт санхүүгийн хэрэгслүүдийн өртгийг нэмэгдүүлж байна.

Харин энэ жил инфляц нэлээн муухан буух байх. Мөн өндөр хувиар буурах боломж харагдахгүй байгаа нь олон улсын санхүүгийн байгууллагууд, Төвбанкны ерөнхийлөгчийн мэдэгдлүүдээс харагдаж байна. Жишээлбэл, энэ жил махны үнэ харьцангуй бага байгаа ч инфляц буурахгүй байгаа нь гадаадаас импортын бараа бүтээгдэхүүнээр дамжих нөлөө 54-55 хувь байхад инфляцыг бууруулахад төвөгтэй.

-Энэ жил манай улс хоёр бондын өр төлнө. Мөн зээлжих B зэрэглэлтэй байгаа. Бондын өрийг төлж, зээлжих зэргэлэлээ ахиулах боломж бий юу?

-Нүүрсний экспорт, орлого сүүлийн саруудад нэмэгдэж ГВАН 3.3 тэрбум ам.долларт хүрсэн. Мөн урд хөрш хилээ нээж байгаатай холбоотой хил, гаалийн асуудал харьцангуй тогтвортой байх хандлагатай байна. Энэ нь гадаад валютын орох урсгалд сайн нөлөөтэй.

Гэвч энэ жил Гэрэгэ болон Хөгжлийн банкны гадаад бонд нийт 1.1 тэрбум ам.долларын төлбөр төлнө. Байгаа нөөцөөсөө шууд төлөх боломжгүй тул дахин санхүүжилт хийх байх. Мөн өмнө авсан хүүгээсээ өндөр зардал төлж л таарна. Олон улсад хүүний түвшин бүгд өссөн бол төсвөө тогтмол алдагдалтай баталж түүнийгээ өрөөр санхүүжүүлдэг.

Манай орны хувьд олон улсын зээлжих зэрэглэл хамгаас чухал. Одоо байгаа төсвийн бодлогоор уг зэрэглэл сайжрах үндэслэл алга. Экспорт ашигтай гарч байгаа ч урсгал данс II улиралд 2.2 тэрбум, III улиралд 1.4 тэрбум гэх мэт тогтмол алдагдал хүлээж байгаа нь төгрөгт дарамт болсоор байна.

-Банкнаас бусад зах зээлийг юу гэж харж байна вэ?

-Сүүлийн хоёр жилд хадгаламж, зээл буюу банк давамгайлсан зах зээлээс бусад алтернатив санхүүгийн хэрэгслүүд шинээр гарч хүмүүсийн сонирхлыг илүү татаж хүртээмжийг нэмэгдүүлж байгаа нь сайн зүйл. Тухайлбал, финтекийн үйлчилгээ, хөрөнгөөр баталгаажсан үнэ цаас, OTC маркет дээрх бондууд, хөрөнгө оруулалтын хаалттай, нээлтэй сан гэх мэт банкинд хадгаламж байршуулахаас өндөр өгөөжтэй, зээл авахад хурдан байгаа нь зах зээлийн оролцогч нарт хүрч байна. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны зохицуулалтын орчны хүртээмж сайжирсан, мэргэжлийн байгууллагуудын хөрөнгө оруулалт, санхүүгийн мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааны үр дүн. 2023 онд энэ төрлийн бүтээгдэхүүн болон банкнаас бусад санхүүгийн зах зээл өргөжих хандлагатай байна.

-Монгол Улс энэ жил нэг сая жуулчин хүлээж авна гэсэн. Мөн Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын форум болж эдийн засагт дэм болохоор харагдаж байна?

-Оюу Толгойн далд уурхайн олборлолт эхэлсэн ч энэ жил ам.долларын урсгал, экспорт өсөхгүй. Зэсийн баяжмалын олборлолт үе шаттай нэмэгдэж аливаа эрсдэл гарахгүй нөхцөлд 2028-2030 онд олборлолт оргил үедээ хүрч 3-4 дахин нэмэгдэнэ. Гэхдээ бид гуравдагч хөрштэй хамтарсан хамгийн том бүтээн байгуулалт нь эдийн засаг, тусгаар тогтнол бэхжих, Үндэсний аюулгүй байдалд сайнаар нөлөөлөх түүхэн явдал. Мөн хөрөнгө оруулалтын гэрээ баталгаажсанаар Монголыг сонирхох гадаадын хөрөнгө оруулагчид нэмэгдэнэ. Үүний нэг жишээ нь, Монгол-Хятадын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт байлаа. Энэ жил нэг сая жуулчин хүлээж авна гэдэгтэй санал нийлэхгүй байна. Одоогоос 5-10 жилийн өмнө нэг сая жуулчин хүлээж авах зорилт дэвшүүлж байсан.

Хэрэв нэг сая жуулчин хүлээж авах бол тодорхой төлөвлөгөөний дагуу явах хэрэгтэй. Зөвхөн зуны гурван сар энэ хэмжээний жуулчин хүлээж авна гэж байгаа бол зочид буудал, үйлчилгээний байгууллагууд ачааллаа дийлэхгүй. Дөрвөн улиралдаа тааруулж хувааж авах хэрэгтэй.

Судалгаагаар нэг жуулчин 1000-1100 ам.доллар зарцуулдаг гэсэн судалгаа бий. Хэрэв нэг сая жуулчин орж ирвэл тэрбум ам.доллар олно. Гэхдээ бид хамгийн ихдээ 500 мянган жуулчин л авч байсан. Нэг жилийн дотор хоёр дахин нэмэгдүүлнэ гэдэг боломжгүй. Харин үе шаттайгаар  бодитой төсөөлж нислэг, зочид буудал, дэд бүтцээ бодох хэрэгтэй. Тодруулбал, 2025 он гэхэд 800 мянга, 2030 онд нэг сая жуулчин гэх зэргээр бодитой төсөөлөхгүйгээр нэг дарга гарч ирээд энэ жил нэг сая болгоно гэдэг бүтэхгүй зүйл.

-2023 онд ямар алхам хийснээр эдийн засаг сэргэх боломжтой вэ?

-Энэ жил эдийн засаг өсөлттэй гарна. Гэхдээ хүртээмж нь иргэдэд очихгүй. Яагаад гэвэл Эрдэнэт, Тавантолгой гэсэн том үйлдвэр төрийн өмчийнх. Тиймээс иргэн бүр тэгш хүртэх боломжгүй. 20 жилийн өмнө ДНБ-ий 80 орчим хувийг хувийн хэвшил бий болгодог байсан. Харин одоо эсрэгээрээ болчихсон. Манай эдийн засаг тоон үзүүлэлтээр өсөөд байгаа болохоос бодит байдал дээр хүртээмжгүй байна. Төр эдийн засагт оролцож байгаа оролцоогоо бууруулж, төсвийн тэлэлтийг хумиж, хумисан мөнгөөрөө хувийн хэвшлийг дэмжих хэрэгтэй.

-Валютын ханшийг бууруулахад Оюу Толгойн гүний олборлолт нөлөөлөх үү?

-Оюу Толгой гэхээсээ илүү нүүрснийхээ мөнгийг бид валютаар оруулж ирвэл илүү ашигтай. Өнгөрсөн онд зөвхөн нүүрсний салбарт гурван тэрбум ам.долларын санхүүжилт орж ирээгүй. Учир нь бартер, опптек гэрээгээр хийсэн байдаг. Гэхдээ энэ муу хэлцэл биш ч хавтгайруулж хийсэн эсэх нь эргэлзээтэй.

Бямбагэрэлийн БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
645726
0 эможи

keyboard_arrow_up