“Таван толгой-Манлай-Ханги” чиглэлийн 470 км авто замын төсөл хотын даргаас хамааралтай юу
УИХ-ын 2018 оны “Тавантолгойн нүүрсний ордын үйл ажиллагааг эрчимүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” 73 дугаар тогтоол гэх сайхан малгай дор Засгийн газрын эхлүүлсэн нэг ажил бол “Тавантолгой-Манлай-Ханги” чиглэлийн 470 км автозамын төсөл. Нүүрс тээвэрлэх зориулалттай энэхүү төслийг нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар Уул уурхай хүнд үйлдвэрийн сайд байхдаа буюу 2019 онд Засгийн газраар батлуулсан. Ингээд Засгийн газрыг төлөөлж Үндэсний хөгжлийн газар тухайн оныхоо долдугаар сарын 31-ний өдөр “Тахилт хайрхан транс” гэх Монгол эзэн, хятад гүйцэтгэх захиралтай компанитай концессын гэрээ байгуулжээ. Нийт 501 сая ам.долларын төсөвт өртөгтэй төсөл эхэлсэн ч гэрээний хугацаанд ашиглалтад ороогүй. Анх гэрээнд төсөвт өртгийн 10 хувьтай тэнцэх төгрөгийг концесс эзэмшигчийн Монгол Улсын арилжааны банкинд байршуулна гэж заасан ч 2020 онд өөрчлөлт оруулж, 5 хувь болгон бууруулсан байдаг. Ингээд ямар ч байсан бүтээн байгуулалтын ажил эхэлсэн ч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй. Харин яг энэ чиглэл төмөр зам бариад ашиглалтад оруулсан байдаг.
Гэхдээ “Таван толгой-Манлай-Ханги” чиглэлийн 470 км авто замын 6 багц ажил дээр нийт 6 компани ажиллаж байгаагийн 1, 2-р багц дээр Засаг дарга Д.Сумъяабазарын хамаарал бүхий “Ундарга од” ХХК ажиллаж байгаа гэдгийг лайвчин Д.Мөнх-Эрдэнэ нарын эх сурвалж олон нийтэд мэдээлснийг эргэн сануулья.
Баримт хөтөлнө...
Хамаарал бүхий хэмээн хэлэх болсны учир нь Д.Сумъяабазарын дүү Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэг тус компанийг удирддаг. Мэдээж шууд биш. “Ундарга од” компанийн эцсийн өмчлөгч нь ганцхан хүн бөгөөд түүнийг А.Бямбасүрэн гэдэг. 2007 онд гадаад худалдаа, тээвэрлэлтийн чиглэлээр байгуулагдсан тус компанийн 2019 онд худалдаж авч, үйл ажиллагааны чиглэлийг өргөтгөснийг Улсын бүртгэлийн газарт буй мэдээллээс нь харж болно.
“Ундарга Од” ХХК-ийн эцсийн өмчлөгч А.Бямбасүрэн гэгч нь Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэгийн “Рояал плаза” ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчоор ажилладаг бөгөөд Д.Сумъяабазарын гэр бүлийн итгэлт хүн. Өөрөөр хэлбэл, “Ундарга од”ХХК-ийг энэ гэр бүлийн хамаарал бүхий этгээд авчээ. Өөр нэг баримт бол 2021 оны сүүлээр “Таван толгой-Манлай-Ханги” чиглэлийн автозамын бүтээн байгуулалт дээр “Ундарга Од” ХХК-ийн туслан гүйцэтгэгчээр ажиллаж байсан компаниуд ажлынхаа хөлсийг авч чадахгүй байна гэх утга бүхий мэдээлэл гарч байсныг эргэн санахад илүүдэхгүй. Тэгэхээр “Ундарга Од” бол зам барилгын ажлын бүтээн байгуулалт хийх чадвартай, техник, боловсон хүчин сайтай компани биш.
Чухам яагаад техник, хүн хүчгүй, замын ажил гүйцэтгэсэн туршлагагүй “Ундарга Од” гэх энэ компанийг “Тахилт хайрхан транс” ХХК нь туслан гүйцэтгэгчээр сонгосон бэ гээд цааш лавшруулж тодруулах нь тодорхой.
Баримт хөтөлнө...
Эндээс “Тавантолгой Манлай-Ханги” чиглэлийн 470 гаруй км замын ажлыг гүйцэтгэх концессын гэрээг “Тахилт хайрхан транс” ХХК нь Монгол Улсын Үндэсний хөгжлийн газартай байгуулахад Д.Сумъяабазар нөлөөлсөн үү хэмээн хардах нь зүй.
2019 онд тус компанитай концессын гэрээнд Засгийн газрыг төлөөлөн гарын үсэг зурсан албан тушаалтан хэн байв???
Тэр бол Үндэсний Хөгжлийн газрын дарга Б.Баярсайхан. Тухайн үед Д.Дагвадорж, Д.Сумъяабазар нарын Үндэсний хөрөнгө оруулалтын банкны 15 хувийг эзэмшиж байсныг компанийн хувьцаа эзэмшигчдийн мэдээлэл, Б.Баярсайханы 2019 оны ХОМ батална. Ахиад л хамаарал бүхий болж гарч ирж байгаа биз. Хачирхалтай нь, Б.Баярсайхан нь өнөөдөр Үндэсний хөрөнгө оруулалтын банкинд хувьцаагүй болсон байна билээ. Харин шинээр Д.Дагвадоржийн эхнэр М.Отгонцэцэгийн нэр орж иржээ. Тэгэхээр Д.Сумъяабазар нөлөөлөөгүй гэж хэлж чадах уу...
Баримт хөтөлнө...
Энэхүү “Тахилт хайрхан транс” гэх компанийг Монгол эзэн, хятад гүйцэтгэх захиралтай хэмээн онцлохын учир нь үнэхээр Монгол компани мөн үү гэдэг нь эргэлзээтэй байгаа юм.
Бүртгэлийн ерөнхий газрын мэдээллээс харвал “Тахилт хайрхан транс” компанийн эзэн нь Энхболдын Оюутцэцэн, Гүйцэтгэх захирлаар БНХАУ-н иргэн Lai Zhenbao.
Концессын ерөнхий гүйцэтгэгчээр гадаадын хөрөнгө оруулалттай “Ти ти си энд ти” ХХК ажилладаг бөгөөд Гүйцэтгэх захирлаар нь мөн л БНХАУ-ын иргэн Zhang Pei ажилладаг. Өмнөх захирал Ge Ling БНХАУ-н “Norinco group”-ийн хариуцлагатай албан тушаалтан байсан тухай мэдээлэл ч бий.Эрдэнэс Таван толгойн уурхайгаас Ханги боомт-Мандал боомтын чиглэлд тээвэрлэлтийн үйл ажиллагаа эрхэлдэг бөгөөд 2020 оноос “Тахилт хайрхан транс” ХХК-тай хатуу хучилттай автозамын барилгын ажлыг хийж буй.
Энэхүү хоёр компани нь хоёул УБ, Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Моннис бюлдинг, 5-р давхарт гэсэн хаягт байрладаг. Тэгэхээр нэг эзний хоёр “зарц” биш үү гэх хардлага ч байна. Баримт цаашид хэрхэн, юунд хөтлөх бол...