БХТ: Замын-үүд боомтын ачаа тээврийн цогцолборын гүйцэтгэлийг хянаж ажиллаа
Замын-Үүд боомтын цогцолбор барилга, байгууламжийн захиалагчийн хяналтыг Барилгын хөгжлийн төв гүйцэтгэж байна.
Уг ажлын хүрээнд Замын-Үүд боомтод Барилгын хөгжлийн төвийн захирал Ц.Амарсанаагаар ахлуулсан ажлын хэсгийнхэн ажиллаад ирлээ.
Замын-Үүд боомтын зорчигч, тээврийн 22 барилга байгууламж өнгөрсөн нэгдүгээр сараас ашиглалтад орж үйл ажиллагаа хэвийн үргэлжилж байна. Харин ачаа тээврийн цогцолборын 16 барилга байгууламжийн бүтээн байгуулалтын ажил 80 хувьтай үргэлжилж байгаа юм.
Тиймээс ачаа тээврийн терминалын ажлыг түргэвчлэх чиглэлийг гүйцэтгэгч талуудад өгч тулгамдаж байгаа асуудлуудыг хариуцсан инженерт шийдвэрлэж ажиллахыг даалгалаа. Мөн уг ажлын хүрээнд төсөл хэрэгжүүлэгч, гүйцэтгэгч, зураг төслийн компаниудыг дуудаж гурван талт уулзалтыг зохион байгуулж, тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэхээр болов.
Энэхүү бүтээн байгуулалтын үр дүнд Замын-Үүд боомтын зорчигч нэвтрүүлэх хүчин чадал 4 дахин, ачааны тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 3 дахин, суудлын тээврийн хэрэгсэл нэвтрүүлэх хүчин чадал 7 дахин нэмэгдэж иргэд, аж ахуйн нэгжүүд түргэн шуурхай үйлчлүүлэх нөхцөл бүрдэж, гадаад худалдааны эргэлт нэмэгдэж байгаа юм.
Замын-Үүд боомтод баригдаж буй бүтээн байгуулалтууд
• Зорчигч, тээврийн хэсэгт 30 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
• Ачаа тээврийн хэсэгт 23 барилга байгууламжийн бүтээн байгуулалт,
• Хүнд даацын автозамын барилгын ажил,
• Иж бүрэн инженерийн шугам сүлжээний ажил,
• Гадна цахилгаан хангамжийн эх үүсвэрийн шугамын ажлууд хийгдэж байгаа юм.